Театр бол хүний сэтгэл оюуныг дэлгэн нээх их өргөө юм.  Урилган дээр минь ийм бичээс байна. “Адууны түүх” жүжгийг үзэх урилга авсанаас хойш хэвлэлд нийтлэгдсэн мэдээллүүдийг нь огт уншсангүй. Жүжгийг үзээд мэдрэх анхны сэтгэгдэлээ “жинхэнээр” нь үлдээх гэсэн дээ тэр л дээ.           Отгонтэнгэр Их сургуулийн маркетингийн албанаас багш ажилтан, оюутан залуусдаа зориулан сард нэг жүжиг үзэх аяныг УДЭТ-тай хамтран өрнүүлж байгаа юм. Өнгөрсөн сард бид “Тэнгэрийн хүү” жүжиг үзсэн. Үзвэрийн үнийг бидэнд зориулан 70 хүртэл хувиар бууруулсан нь олон оюутан залуусыг театр хэмээх их ертөнцөөр аялах боломжийг олгож байгаа юм. Анх удаа их театрын үүдээр алхан орж тэр гоёмсог, тансаг оршихуйтай танилцаж байгаа нь нэн олон. Бид кино театрт л орж байснаас энд ирж үзээгүй. Ямар сайхан газар вэ? гэсээр орсон оюутан залуус маань жүжиг үнэхээр таалагдлаа. Тэр хөгжим, тайз чимэглэл, жүжигчидийн тоглолтыг яг дэргэдээс үзэх тэр мэдрэмж бүгд л гайхалтай байлаа. Дараа сарын жүжгийг заавал үзнэ ээ гэсээр танхимаас сэтгэл хоргодон хоргодон гарцгаасан юм.

24232023_553496398325529_8475045618168438570_n 24174727_553496944992141_5869396374595384587_n

Энэ удаа бид Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” зохиолоос сэдэвлэн УГЗ Б. Баатарын найруулсан “Адууны түүх” жүжгийг үзлээ. Алдарт зохиолч энэхүү зохиолоо 1886 онд бичиж дууссанаас хойш дэлхийн арав гаруй орны тайзнаа жүжиг болон тавигджээ. Харин Монголд анхных нь ийнхүү тавигдаж Отгонтэнгэрийнхэн анхны үзэгчидийнх нь нэг болж байна.

Жүжиг ингэж эхэлсэн. Эр бяр гүйцсэн азаргануудын тулаан, урт сайхан хөл, уужим сайхан ташаа юугаа гайхуулан давхих адуун сүрэг. Тэдэн дунд эцэнхий туранхай, өнгө зүс алдсан нэгэн азарга туйлдан ядарсан ч хоцрохгүйн тулд байдгаараа хичээнэ. Гэсэн ч тэр төрөлхийн бусдаас өөр зүстэй шаазгай алаг төржээ. Үүнээсээ болж олон жил адлагдсан ч эрэмгий шаламгай, хурдан цогтой байсныг орчин үеийн энэ сүрэг дунд хэн ч үл мэднэ. Чухам энэ л алаг шаазгайн зүст азарга цагтаа эрэмгий хүчит тэргүүн азарга, эрэлхэг зоригт гүү хоёрын удам болон мэндэлсэн…

Лев Толстой нийгэмд хэвийн мэт хүлээн зөвшөөрөгдсөн зүйлс амьдрал дээр хэрхэн харагддагийг зохиол бүтээлдээ төгс төгөлдөр харуулдагаараа алдартай. Өнөөдрийн нийгэм дэх “Би”, “Минийх” гэсэн үзэл юунд хүргэдгийг, хэрхэн харагддагийг энэхүү зохиол нэвт харуулжээ.

“Өнөөдрийн нийгэмд хэр олон юмыг минийх гэж хэлсэн хүн аз жаргалтай харагддаг мэт” гэж хөгшин азарга Данагар /Монгол Улсын Ардын жүжигчин Г. Мягмарнаран/ хэлнэ. Хөгшин азаргын хэлэх олон үгэнд үнэн буй. “Хөөр хөгжилтэйд нь биш хөнгөн бодлоггуйд нь би залуу насанд дургуй” гэх түүний үг олон хөөрцөглөсөн залуу адуунд нэгийг бодогдуулахтай зэрэгцэн үзэгч бидэнд ч гунигт ухаарлыг мэдрүүлэх шиг.

24232754_553497014992134_8668739423427346486_n 24300963_553496658325503_292082592467491366_n…Төгсгөл. Жаргалтай, гунигтай урт замыг туулсан Данагар өөрийн хамгийн хайртай эзэн Хадран ван хоёр нэгэн цагт хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Алт мөнгөнд умбан, айраг цагаанд шумбан амьдарсан Хадран вангаас авах зүйл огт үлдсэнгүй. Харин хавчигдан гадуурхагдаж олон эзний гар дамжсан азарга Данагарын арьс, мах, яс нь хүртэл бусдад хэрэг болж байгаль дэлхийдээ шингэсэн юм. Хэр их юмыг минийх гэж өмчилсөн ч цаг нь ирэхийн цагт нүцгэн буцдаг хорвоо шүү дээ.

Төгсгөл нь хүртэл уйтай ухаарлыг авчирсан энэхүү жүжгийг үзсэндээ үнэхээр их баяртай байна. Угаас би театраас үзвэр үзээд гарахдаа харамсан гуниглаж байснаа санахгүй байна. Театр бол бүх урлагийг хаан шүү дээ. Отгонтэнгэр Их сургуулийнхан дараагийн уран бүтээлийг тань тэсэн ядан хүлээж байна. Та нар үргэлж шилдэг нь байсан, байсаар ч байх болно. Улсын Драмын Эрдмийн театрын хамт олондоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье.