Гадаад хэлний тэнхимийн танилцуулга

Гадаад хэлний тэнхим нь 13 үндсэн багш, 2 зөвлөх профессор, АНУ-н 2 мэргэжилтэн багшлах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

1991 он буюу Отгонтэнгэр их сургууль анх үүсгэн байгуулагдсанаас эхлэн англи хэлний багш-орчуулагч мэргэжлийн ангийг нээн 2014-2015 оны хичээлийн жил 21 дэхь төгсөлтөө хийх гэж байна. Тэнхимийн эрдэмтэн багш нар оюутанд хэл шинжлэлийн системтэй мэдлэг эзэмшүүлж, сурч судалж байгаа англи хэлээр чөлөөтэй харьцах чадвар олгох зорилгоор мэргэшүүлэх хичээлүүдийг заахын зэрэгцээ хэлний мэргэжлийн үндэс суурь болсон мэргэжлийн суурь хичээлүүдийг удирдан явуулж байна.

Отгонтэнгэр их сургуулийн үнэт зүйл, эрхэм зорилго, алсын хараа нь Хүмүүнлэгийн сургууль, Гадаад хэлний тэнхим, “Англи хэлний багш” мэргэжлийн хөтөлбөрийн зорилготой нягт уялдаж байдаг. Тухайн тэнхимээс оюутнуудад эзэмшүүлж буй Хөтөлбөрийн зорилго нь: “Англи хэлний багш” мэргэжлийн хөтөлбөрийг эзэмшин суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн өргөн мэдлэгтэй, эх хэл болон англи хэлнээс хөрвүүлэн орчуулах, ярих, бичих өндөр чадвартай, судалгаа шинжилгээний арга барилтай, сургалтын орчинд үйлчилгээ үзүүлэх заах арга зүйн мэдлэг, дадал, чадвар бүхий багшийн ёс зүйг чанд баримтлан ажиллах үнэт чанарыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэж байна.”

Тус тэнхим үүсэн байгуулагдсан цагаасаа АНУ-ын Брижфордын ИС, АНУ-ын Peace Corp, Fulfbright, Princeton Asia зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ.

Тэнхимийн үндсэн чиг үүргийн хүрээнд өдөр, олон улсын хамтарсан, орой, бямба гараг, эчнээ, MBA, докторын хөтөлбөрүүдэд орчин үеийн хэлний болон сургалтын аргазүйд суурилсан англи хэлний сургалтыг суралцагчдын мэдлэгийн түвшинд тулгуурлан зохион байгуулж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэнхимийн зорилго: “Суралцагчдад эх хэл болон англи хэлнээс хөрвүүлэн орчуулах, ярих, бичих өндөр чадвар, судалгаа шинжилгээний арга барил, сургалтын орчинд үйлчилгээ үзүүлэх заах арга зүйн мэдлэг, дадал, чадвар олгож,багшийн ёс зүйг чанд баримтлан ажиллах үнэт чанарыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэж байна”

Тэнхимийнзорилт:

  1. Англи хэлний чадваруудыг оюутнуудад бүрэн эзэмшүүлэх
  2. Танилцах, багшлах дадлагаар оюутнуудад заах арга зүйн онол практикийн мэдлэгийг хослуулан олгох
  3. Эрдэм шинжилгээ судалгааны ажлын дадал чадвар олгох, удирдан чиглүүлэх

Салбарын онцлог, давуу тал: Англи хэлтэй орноос мэргэжилтэн багш нарыг жил бүр ажиллуулдаг нь оюутнуудад сургалтын хөтөлбөрт туссан хичээлүүдийг төрөлх хэлтэй мэргэжилтнүүдээр заалгах бололцоо олгодог. Мөн оюутан суралцах хугацаандаа хамтын ажиллагаатай гадаад болон дотоодын байгууллагуудад дадлага хийх, туршлага хуримтлуулах бололцоо бүрддэг.

Тогтмол явуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл урлаг, хүмүүжлийн ажил

  1. Жил бүр “Англи хэл-Боловсрол” Үндэсний багш, оюутны эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж байна. Тус хурлыг Монголын Англи Хэлний багш нарын холбоо, ЮНЕСКО-ийн үндэсний комисс, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.
  2. “Англи-Америкийн түүх соёл” оюутны эрдэм шинжилгээний хурал
  3. “Англи Америкийн уран зохиол”, “Заах арга зүй” “Хэл зүй” “ English corner”“Ярианы чадвар хөгжүүлэх” зэрэг сургалтын дугуйлан хичээлийн жилийн турш оюутнуудад зориулан үнэ төлбөргүй хичээллүүлдэг.
  4. Анги хамт олон, тэнхимийн оюутнуудын дунд “Танилцах аялал” зохион байгуулдаг
  5. Англи Америкийн соёл уламжлалтай танилцах зорилгоор “HALLOWEEN” “THANKSGIVING”баярын арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Англи хэлний тэнхимийн хамт олон

Тэнхимийн багш нарын танилцуулга

Энхбат НОМИН: Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, Хэл шинжлэлийн ухааны доктор, заадаг хичээл: Хятад хэл заах арга зүй, хятад хэлний аман орчуулга, хятад хэлний яриа бичиг хэлний дадлага, хятадын түүх

Сосорбарам БАТБОЛД

Отгонтэнгэр их сургуулийг Англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр суралцан төгссөн. Хэл шинжлэлийн ухааны магистр. Ахлах багш.“Мянганы сорилын сангийн техникийн эрчимжүүлсэн англи хэлний сургалтын сургагч багш бэлтгэх төсөл”-ийн сургагч багш, БНХАУ-ын Гуан Дон их сургуулийн TESOL-ийн богино хугацааны сургалтад хамрагдсан. Заадаг хичээл Англи хэлний Үгсийн сан судлал, Аман орчуулга, Харьцуулсан хэл-орон судлал. ОТИС-ийн Англи хэлний тэнхимд 13 дах жилдээ ажиллаж байна.

Дэмбээ БИЛГЭЭ

Отгонтэнгэр Их сургуулийг Англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр суралцан төгссөн. Боловсрол судлалын магистр. АНУ-д “Англи хэлний курс-2003”, “Боловсрол судлалын докторантурын сургалт-2010”, “Англи хэлний ахисан түвшиний сургалт-2012”, БНХАУ-ын Гуанжоу хотод “TESOL-2013” сургалтуудад тус тус хамрагдсан. Нидерландын Инхоллонд их сургуулиас зохион байгуулагдсан “Аялал жуулчлалын менежмент” сургалтын сургагч багшаар бэлтгэгдсэн. Заадаг хичээл Ерөнхий англи хэл, Бизнесийн англи хэл, Сэтгүүлийн англи хэл. ОТИС-ийн Англи хэлний тэнхимд 7 дах жилдээ ажиллаж байна.

Мөнхбаяр БЯМБАСҮРЭН

Ховд их сургуулийг Орос-Англи хэлний багш мэргэжлээр суралцан төгссөн. Хэл шинжлэлийн ухааны магистр. ОХУ-ын Барнаул хотын Алтай их сургуульд “Хэл-орон судлал”, Швейцарь улсын Шаффхаузен хотын ОУ-ын сургуульд “Англи хэл-заах арга зүй” чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Заадаг хичээл Англи хэлний Авиа зүй, Орчуулгын дадлага, Үгийн сан. Тус сургуульд 3 дах жилдээ ажиллаж байна.

Даваажаргал НОМИНТУЯА

ОХУ–ын Эрхүү хотын багшийн их сургуулийг Англи-Франц хэлний багш мэргэжлээр суралцан төгссөн. Боловсрол судлалын магистр. ЭБИС-ийн “Орос хэлний курс”, “Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим 2009”, “TEFL-international conference” сургалтуудад тус тус хамрагдсан. Заадаг хичээл Ерөнхий англи хэл, Бизнесийн англи хэл, Хуулийн англи хэл. ОТИС-ийн Англи хэлний тэнхимд 8 дах жилдээ ажиллаж байна.

Цэдэндамба ӨЛЗИЙХИШИГ:

МУБИС-ыг Англи-Орос хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцан төгссөн. Хэл шинжлэлийн ухааны магистр. “TOEFL –ын сургалт 2009”, “Удирдагч багшийн сургалт”-д тус тус хамрагдсан. 2014 онд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Заадаг хичээл Хэлний онол Ярианы дадлага, Бизнесийн англи хэл, Англи хэлний заах арга зүй. ОТИС-ийн Англи хэлний тэнхимд 9 дэх жилдээ ажиллаж байна.

Нямсүрэн ХОСБАЯР

Отгонтэнгэр Их сургуулийг Англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр суралцан төгссөн. 2008 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Секос Лондон коллежд Бизнесын удирдлагаар, 2014 онд Отгонтэнгэр их сургуульд Хэл шинжлэлийн чиглэлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан. Монголын Англи хэлний багш нарын холбооноос зохион байгуулсан “Англи хэл заах аргын сургалт 2013”-д хамрагдсан. Заадаг хичээл Англи хэлний Ярианы дадлага, Англи Америкийн уран зохиол, Аялал жуулчлалын орчуулга, Ерөнхий англи хэл. ОТИС-ийн Англи хэлний тэнхимд 8 дах жилдээ ажиллаж байна.

Лхагвасүрэн САНСАРМАА

МУИС-ийн МХССийг “Монгол-Англи” судлаач, орчуулагч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Калифорни Мужийн Олон Улсын Их Сургуульд “Олон Улсын Бизнесийн удирдлага” мэргэжлээр магистр зэрэг хамгаалсан. Заадаг хичээл Ерөнхий англи хэл, Бизнесийн англи хэл, ярианы дадлага. Отгонтэнгэр их сургуульд 1 дэх жилдээ ажиллаж байна.

 Борхүү ЗОРИГТХҮҮ

Европ хэлний дээд сургуулийг Орос-Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Хэл шинжлэлийн ухааны магистр. 2009-2011 онд Нийслэлийн боловсролын газар Англи хэлний институтын хамтарсан “ЕXCEL”хөтөлбөрт хамрагдсан. Заадаг хичээл Англи Америкийн түүх, Найруулга зүй, Ерөнхий англи хэл.