Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/

бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж: Отгонтэнгэр их сургууль Хүмүүнлэгийн сургууль Англи хэлний тэнхим

Тэнхимийн эрхлэгч: Б.Одгэрэл доктор /Ph.D/

Сургалтын төлөвлөгөө

Англи хэлний багш мэргэжлээр боловсрол судлалын бакалаврын зэрэг олгох /D011409/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 123 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн /үндсэн, хавсарга/ болон сонгон судлах хичээлийн бүлгээс бүрдэнэ. Сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 26 хувь, мэргэжлийн суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 25,2 хувь, мэргэжлийн болон сонгон судлах хичээл нийт багц цагийн 48,8 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Хөтөлбөрийн зорилго

Шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн өргөн мэдлэгтэй, эх хэл болон англи хэлнээс хөрвүүлэн орчуулах, ярих, бичих өндөр чадвартай, судалгаа шинжилгээний арга барилтай, сургалтын орчинд үйлчилгээ үзүүлэх заах арга зүйн өндөр мэдлэг, дадал, чадвар бүхий боловсон хүчин бэлтгэж, багшийн ёс зүйг чанд баримтлан ажиллах үнэт чанарыг эзэмшүүлэх, үндэсний стандарт болон олон улсын ерөнхий хандлага, орчин үеийн жишигт нийцсэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, багшийн заах арга, ур чадвартай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц олон талын мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт

  • Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшсэн иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх
  • Заах арга зүйн өндөр чадвартай, сургалтын сүүлийн үеийн арга технологиудыг эзэмшин хэрэглэх, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, багшийн ёс зүйг эзэмшүүлэх
  • Орчин цагийн англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшин, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний түвшин тогтоох “TOEFL”, “IELTS” шалгалтын ахисан түвшинд хүрэх англи хэлний үгийн сан, хэл зүйн мэдлэг, хэлэхүйн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх
  • Англи хэлний сургалтын онол, хэрэгцээ, орчуулгын онолын цогц мэдлэг эзэмшүүлэх
  • Нийгэм улс төрийн салбарын эрхзүйн баримт бичиг, албан тоот, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, аман болон бичгээр англи хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс англи хэл рүү орчуулах дадал чадвар эзэмшүүлэх
  • Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг олгох
  • Онолын мэдлэг, практик дадлага туршлагыг хослон эзэмшсэн, үйлдвэрлэлд бие даан ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  • Бие даан суралцах мэдлэг, чадвар, дадалтай мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх

Ажлын байр, албан тушаал

  • Багш
  • Орчуулагч
  • Хөтөч, тайлбарлагч, менежер, нарийн бичиг
  • Төслийн болон эрдэм шинжилгээний ажилтан
  • Гадаадын компанийн төлөөлөгч
  • Хэл шинжлэлийн мэргэжилтэн, судлаач

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо

Монгол хэл эсвэл аль нэг гадаад хэл 400