Нэг сарын турш үргэлжилсэн ОТИС-ийн багш нарын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө.Үгийн хүч оюуны чадвараа байнга дайчлан ажилладаг салбар бүрийн эрдэмтэн багш нарыг нэг сэдвийн хүрээнд мэтгэлцэх боломжийг олгон энэхүү ажлыг санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ОТИС-ийн дэд захирал Ж.Золбаяр “Жил ирэх тусам багш нарын мэтгэлцэх чадвар улам нэмэгдэж, энэ чиглэлрүү мэргэшиж байгааг харахад сайхан байна” хэмээн нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм. Чухам энэ л энэхүү тэмцээний гол ач холбогдол байлаа.

Энэ жилийн мэтгэлцэгчид илүү хурдтай байна. Үндэслэл, няцаалт, дэвшүүлж буй аргументуудаа маш зөв тодорхойлж байна.Шувтаргын тоглолтонд шалгарсан найман багийн мэтгэлцээн бүр өрсөлдөөнтэй, сонирхолтой болсоныг Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын эрхэм шүүгч нар онцлон хэлж байлаа. Яг л улсын аварга шалгаруулах парламентийн мэтгэлцээний тоглолтууд сая энэ тайзнаа явагдсан шүү гэж шүүгч Амартүвшин бахархан хэлсэн нь энэ удаагийн мэтгэлцэгчидийн чанар чансааг илэрхийлсэн товч бөгөөд тодорхой өгүүлбэр байсан юм.

Багш нар тайзан дээр засгийн газар, сөрөг хүчин болж ширүүн өрсөлдсөн ч дуусаад л бие биенийгээ тэврэн чин сэтгэлээсээ баяр хүргэж байгааг харахад энэ чинь л нэг хамт олон шүү дээ гэсэн бахархам сэтгэлийг төрүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Ирэх жилийн наадам ч хол байна даа гэдэг шиг ОТИС-ийн багш нар дараагийн мэтгэлцээнийг яаж хүлээнэ дээ гэсээр танхимаас гарцгаасан юм. Бүр хоорондоо бооцоотой мэтгэлцэх үү хэмээн ярих хоёр залуу багшийг сонсоод энэхүү гайхалтай үгийн урлагт амтшин дурлаж эхэлж дээ гэсэн тэнүүн бодол төрсөн дөө.

23231600_541518319523337_8755410493224535711_n 23319131_541518542856648_3714663720364766626_n

Финалын тоглолтонд багш нар:

  • Цаазаар авах ялыг буцаан сэргээх нь зөв
  • Ядуурлын бууруулахад төр засгийн зөв бодлого иргэдийн оролцоо илүү чухал
  • Монгол улс уул уурхайн салбартаа тулгуурлан хөгжих нь хамгийн зөв шийдэл мөн гэсэн шийдлүүдээр тоглосон юм.

Нийт 17 багийн 34 багш оролцсон энэ удаагийн мэтгэлцээний тэмцээнд

  • ХЗС-ийн багш С.Эрдэнэболор, ЭЗБУС-ийн багш С.Баярцогт гишүүнтэй баг тэргүүн байранд орж өргөмжлөл 1,000,000₮
  • ХЗС-ийн багш Д.Эрдэнэчимэг ЭЗБУС-ийн багш Ж.Ганзаяа нар хоёрдугаар байранд орж 500.000₮
  • ХЗС-ийн багш О.Хишигмөнх, ХС-ийн багш Б.Мөнхсүлд нар гуравдугаар байранд орж 300.000₮
  • ХЗС-ийн багш Б.Энхбаяр, ХС-ийн багш Х.Алтанхундага нар шалгарсан юм.