БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ-аас
Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан Отгонтэнгэр их сургуульд дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалт зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.
2. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд сургалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлэхэд оршино.
3. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал Отгонтэнгэр их сургуулийн ректорын зөвлөлөөр хэлэлцэж, ректор шийдвэр гаргана.
4. Журмын нэр томъёо
4.1. Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай байна.
4.2. Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг бөгөөд эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ.
4.3. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад тавигдах стандартын шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. Нэг багц цагийн хэмжээ нь 48 цагтай тэнцүү байна.
4.4. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Оюутны нэг долоо хоногт сурах үйл ажиллагаанд зарцуулах дараах багц бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно. Үүнд:
• Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;
• Cеминарын 2 цаг + оюутны бие даан суралцах 1 цаг;
• Лабораторийн хичээлийн 3 цаг;
• Дадлага, бакалаврын судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг нэг багц цагтай дүйцүүлж тооцно.
4.5. Хичээлийн цаг 45 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.
4.6. Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулгын багтаамж, судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийн багц цагаар илэрхийлсэн багтаамж, дараалал, тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан баримт бичиг мөн.
4.7. Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрээр оюутны эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг заасан баримт бичиг юм.
4.8. Хичээлийн индекс. Отгонтэнгэр их сургуульд бакалаврын түвшинд заагдах бүх хичээл нэгдсэн индекстэй байна. Отгонтэнгэр их сургуульд заагдах бүх хичээлийн индекс давхцахгүй байна. Индекс нь уг шинжлэх ухааны салбарын хичээлийн ерөнхий нэрийн 4 үсэг /монголоор/ ба 3 оронтой тооноос тогтоно. 3 оронтой тооны эхний орон уг хичээлийн орох курсийг, дараагийн хоёр орон тухайн хичээлийн дугаар /хичээл хоорондын уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг харгалзан тогтооно/-ыг заана. Үүнд:
• 100-199 дугаартай бол 1-р курст заах хичээл
• 200-299 дугаартай бол 2-р курст заах хичээл
• 300-399 дугаартай бол 3-р курст заах хичээл
• 400-499 дугаартай бол 4-р курст заах хичээл
4.9. Ерөнхий суурь мэдлэг олгох хичээл. Оюутанд дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндэс буюу ойлгомжтой ярих, бичих; тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах; олон ургальч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж мэдэх; бусад мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтарч ажиллах, харилцан суралцах мэдлэг, чадварыг заавал болон сонгон суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой хичээл.
4.10. Заавал судлах хичээл. Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах шаардлагатай хичээл юм.
4.11. Сонгон судлах хичээл. Тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний бүлэг бүрээр авбал зохих багц цагийг гүйцээх зорилгоор тодорхой багц цаг бүхий хичээлийг оюутан сонгон судлах хичээл юм.
4.12. Мэргэжлийн суурь хичээл. Оюутанд суралцах үндсэн чиглэлийнх нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн салбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилготой заавал судлах хичээл юм.
4.13. Мэргэшүүлэх хичээл. Оюутны суралцах үндсэн чиглэл буюу тухайн шинжлэх ухааны тодорхой мэдлэг, чадвар, дадлыг заавал болон сонгон суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой бүлэг хичээл.
4.14. Оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг оюутан хичээлийн явцад болон эцэст хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд “хувьчилсан оноо”, “үсгээр илтгэсэн дүн” гэсэн хэлбэртэй байна.
4.15. Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Үнэлгээ нь явцын ба улирлын үнэлгээ гэсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд тэдгээр нь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.
4.16. Үсгээр илтгэсэн дүн нь оюутны мэдлэг, чадварын төвшнийг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр үсгээр илтгэсэн дүнд 4.0, 3.0, 2.0, 1.0, 0 гэсэн тоогоор илтгэсэн голч дүнг харгалзуулна.
4.17. Явцын үнэлгээ. Тухайн хичээлийн явцад оюутан эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг олж авахын тулд хэрхэн хөдөлмөрлөснийг үнэлэх үзүүлэлт.
4.18. Улирлын шалгалт. Тухайн хичээлийг судалж дууссаны дараа оюутан уг хичээлийн хөтөлбөрт заагдсан мэдлэг, чадварыг хэрхэн эзэмшсэнийг үнэлэх гол үзүүлэлт.
4.19. Голч дүн. Багц цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноог багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хуваасан (арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт.
4.20. Дадлага. Мэргэжлээс хамаарч дадлага нь танилцах, үйлдвэрлэлийн, клиник, багшлах, орчуулах гэсэн хэлбэрүүдтэй байх ба оюутны танхимийн сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик үйл ажиллагаатай холбон, бататган гүнзгийрүүлэх зорилгоор сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагад тусгайлсан удирдамжийн дагуу зохион байгуулах сургалтын хэлбэр.
4.21. Бакалаврын судалгааны ажил. Бакалаврын сургалтын агуулгыг дүүргэж буй оюутан тухайн үндсэн мэргэшлээр бакалаврын зэргийн дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэнээ баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын суурь мэдлэг, чадвар эзэмших зорилгоор хийж болох судалгааны ажил юм.

 

Хоёр. Бакалаврын зэрэг олгох сургалтын удирдлага, зохион байгуулалт

1. Бакалаврын зэрэг олгох сургалтын ажлыг сургалтын алба удирдлагаар хангаж, зохион байгуулна.
2. Сургалтын алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

Гурав. Бакалаврын зэрэг олгох сургалт

1. Элсэлт
1.1. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн сургалтын болон бусад шаардлагатай хураамж төлсөн хүнийг Отгонтэнгэр их сургуульд өдрөөр суралцуулахаар элсүүлнэ.
1.2. Бакалаврын зэрэгтэй, элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, элсэх эрх авсан, тухайн хичээлийн жилийн сургалтын болон бусад төлбөр төлсөн хүнийг зарим мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт орой болон эчнээ хэлбэрээр суралцуулахаар элсүүлнэ
1.3. Элсэгчдийн өгвөл зохих шалгалтын төрөл, босго оноог суралцах мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүрийн элсэлтийн журамд тусгаж , 4-р сарын 1-ний дотор нийтэд зарлана.
1.4. Отгонтэнгэр их сургуульд оюутнаар элсүүлэх шийдвэрийг ректорын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгоно.
1.5. Оюутан авъяас, сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг үндсэн мэргэжлийн хөтөлбөрөөс нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг “Оюутан шилжин суралцах журам”-аар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцахад тавигдах гол шалгуур нь сургууль хооронд багц цаг харилцан зөвшөөрөх нөхцөл болно.
2. Үргэлжлүүлэн суралцах, чөлөө авах
2.1. Оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 хүртэл сараар хичээлд сууж чадахгүйд хүрвэл, сургалтын албанд чөлөө авах тухай хүсэлт бичгээр гаргана. 2 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл нэг жилийн чөлөө олгоно. Жилийн чөлөө нь нэг жил буюу 2 үндсэн улирал байна. Жилийн чөлөөг ректорын тушаалаар олгоно. Чөлөөг сунгах буюу дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн, үргэлжлүүлэн олгож болох ба чөлөөний нийт хугацаа 3 жилээс хэтрэхгүй байна.
2.2. Жилийн чөлөөг тухайн чөлөө олгосон өдрөөс олгосонд тооцох бөгөөд чөлөөний хугацаа дуусахад хичээлдээ бүртгүүлж, үргэлжлүүлэн суралцана.
3. Анги дэвшүүлэх.
3.1. Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах эсэхийг оюутанд сургалтын албанаас мэдэгдэнэ.
3.2. Хичээлийн жил бүр суралцах оюутныг анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай, сургалтын албанаас мэдээ гаргаж ректорын тушаалаар баталгаажуулна.
4. Хичээл
4.1. Хичээлийн ерөнхий агуулга, цагийг тухайн хичээлийг хариуцах мэргэжлийн тэнхим боловсруулан, ректороор баталгаажуулна. Отгонтэнгэр их сургуулийн хэмжээгээр судлах ерөнхий суурь хичээлүүдийн агуулга Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загварт нийцсэн байна. Хичээлийн агуулгын суурь стандартыг тухайн хичээлийг зааж буй багш бүр мөрдөх ба мэдлэг, туршлагадаа тулгуурлан, судалж буй оюутнуудын мэргэжлийн онцлог, эрэлтэд нийцүүлэн, баяжуулан зааж болно.
4.2. Хичээлийг хэд хэдэн багш хамтран зааж болно.
4.3. Отгонтэнгэр их сургуульд заагдах дийлэнх хичээлийн агуулга нэг улиралд багтан заагдах боломжтой байна. Агуулгын багтаамж ихтэйгээс хоёр, түүнээс дээш улирал дараалан, эсвэл дараалсан бус улиралд заагдахаар хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно. Тухайн хичээлийн шат бүрт оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэн дүгнэнэ.
5. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
5.1. Хичээлийн жил 2 улиралтай байх бөгөөд 9-р сарын 1-нд эхэлнэ.
5.2. Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улирал тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, өвлийн амралт 3 долоо хоногтой байна.
6. Сургалтын төлөвлөгөө, суралцах хугацаа
6.1. Бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 120 ба түүнээс дээш кредитээр хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно.
6.2. Сургалтын төлөвлөгөөний эх загварыг сургалтын албанаас гарган мөрдүүлнэ.
6.3. Сургалтын төлөвлөгөөг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ректор баталж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /БШУЯ/-аар баталгаажуулсан байна.
6.4. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг тэнхимийн эрхлэгч санаачилан эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
6.5. Сургалтын төлөвлөгөөнд сургуулийн хэмжээнд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх гэсэн хичээлүүд орно. Эдгээр хичээлүүд нь 30, 40, 30%-г эзэлж байна.
6.6. Сургалтын төлөвлөгөөнд орсон хичээлийн стандартыг өгөгдсөн загварын дагуу багш нар боловсруулж, тэнхимийн хурлаар хэлэлцэн ректороор баталгаажуулна.
6.7. Сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн товч тодорхойлолтуудыг агуулсан гарын авлагыг бүтцийн сургуулиуд эрхлэн, оюутны гарын авлагад тусгаж хэвлүүлэн олны хүртээл болгоно.
6.8. Сургалтын төлөвлөгөөнд агуулга, зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулах бол 4 жилд нэг удаа, хичээлийн нэр, индекс, уялдаа зэрэг оюутны суралцах үйл ажиллагаанд төдийлөн хүндрэл учруулахгүй өөрчлөлтийг 2 жилд нэг удаа оруулж болно.
6.9. Сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон сонгон судлах хичээлийн бүлгээс бүрдэж болно.
6.10. Орой, эчнээ хэлбэрээр суралцах дээд боловсролын бакалаврын зэрэгтэй хүний суралцах дундаж хугацаа 2-3,5 жил байна. Урьд нь бакалаврын зэрэг эзэмшихдээ амжилттай судалсан хичээлүүдээс нь 60 хүртэл багц цагийг шилжүүлэн тооцох асуудлыг батлагдсан сургалтын төлөвлөгөөнд зааснаар тооцож болно.
6.11. Оюутны бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа ердийн хугацаанаас 3 хүртэл жилээр илүү байх ба тодорхой нөхцөлд үүнээс өөр байж болно.
6.12. Суралцагчийн чөлөөтэй байсан хугацааг суралцсан хугацаанд тооцохгүй.
7. Оюутны мэдлэг, чадварын үнэлгээ /“Оюутны сурах үйл ажиллагааг үнэлэх журам”, “Дахин шалгалт өгөх, хичээлийг дахин судлах, нэмэлт багц цуглуулах журам”-аар зохицуулагдана/
8. Сургуулиас чөлөөлөх, хасах
7.1. Сургуулиас чөлөөлөх, хасах оюутныг дараах шалтгаанаар сургуулиас бүрмөсөн чөлөөлнө.
7.1.1. оюутан нь шалгалтын дүрэмд зааснаар цааш суралцах боломжгүй болсон нөхцөлд
7.1.2. сургуулиас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан
7.1.3. өөр сургуульд шилжсэн
7.2. Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд:
7.2.1. чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдөл гаргаагүй,
7.2.2. суралцах эцсийн хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах кредитийг авч чадаагүй,
7.2.3. тогтоосон хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй,
7.2.4. гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол /сургуулийн орчинд архидан согтуурах, хулгай хийсэн болон хууль зөрчсөн нь нотлогдвол/.
9. Төгсөлт.
8.1. Төгсөлтийн шалгалт. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг тусгайлан гаргана.
8.2. Нэгдсэн шалгалт. Оюутан нь тухайн мэргэжлийн боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилгоор тухайн мэргэжлийн 2 ба түүнээс дээш хэд хэдэн хичээлийн агуулгыг нэгтгэсэн шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлээр 2-4 дүгээр ангидаа заавал өгнө.
8.3. Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлж төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, зохих кредит цуглуулсан оюутныг ректорын тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэргийг гэрчилэх диплом, энгэрийн тэмдэг олгоно.
8.4. Оюутны дүнгийн голч 2,0-оос бага бол дипломын зэрэг олгох ба С болон D үнэлгээгүй 3,75-аас дээш голч дүнтэй бол онцгойлох диплом олгоно.
10. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ
9.1. Энэ журмын хэрэгжилтэд сургалтын алба тогтмол хяналт тавьж, үнэлгээ хийн, үр дүнг нь сургалтанд оролцогч талуудад мэдээлж, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад ашиглана.
9.2. Журмын хэрэгжилтийн хяналт, үнэлгээг Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургуулиуд болон бусад нэгжүүдээс тогтмол болон тогтмол бус хугацаанд гаргадаг сургалтын бичиг баримт, тайлан, судалгаа, оюутан, багш, ажилтан, төгсөгч, ажил олгогчдыг хамруулсан санал асуулга, хөндлөнгийн шалгалтын дүн зэрэгт тулгуурлан хийнэ.