Сэтгүүлзүйн салбарт суралцауж буй оюутнуудын дунд найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй шилдэг бүтээлийн “Алтан үзэг”  наадамд ОТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. Сэтгүүлзүйн 4-р ангийн оюутан Б.Баасандулам “Дэлхийд данслагдах Монгол ухаан, Монгол ур” сурвалжлагаараа нийтлэлийн төрөлд 3-р байр эзэлсэн бол Ц.Энх Оргил “Наадам айсуй” уран нийтлэл, А.Маралгоо “Маргааш” шог найрууллаар шилдэг хорин бүтээлийн нэгээр шалгарав. Нийтлэлийн төрөлд 132 бүтээл ирсэнээс шилдэг хорьд шалгарна гэдэг амаргүй даваа. Нийт 11 их дээд сургуулийн оюутнууд 300 гаруй бүтээлээ ирүүлжээ. Тэр дундаас ОТИС-ийн нийт 12 оюутан телевиз, радио, нийтлэл, мультмедиа болон нийгмийн рекламын төрөлд өрсөлдсөнөөс ийнхүү нийтлэлийн төрөлд амжилттай өрсөлдлөө.

Оюутан Б.Баасандулам оюун ухааны музейн захирал З.Түмэн Өлзийн тухай бичсэн сурвалжлагдаа “Ардчилсан хувьсгал гарч, ард олны сэтгэл үнсэнд дарагдаад асч унтрахын заагт байх тэр ороо бусгаа үеийн зуны адаг сарын 13-нд оюуны их өргөө үүдээ нээжээ.“Монголын нууц товчоо” зохиолын 750 жилийн ойгоор МҮЭ-ийн гурван өрөө байранд музейн суурийг эдийн засагч Загдраагийн Түмэн-өлзий гэх санчиг нь  бууралтсан эрхэм,  эхлүүлсэн юм. Анхдугаар сонгууль дуусч, П.Очирбат ерөнхийлөгч төрийн тэргүүн байх үед Оюун ухааны музейн шав тавигдсан гэдэг. Тэрээр дөрөвдүгээр ангид байхдаа ээжийнхээ цэвэрлээд тавьсан тостой модыг хараад оньс хийх сэдэл төрж, тэр нь яваандаа хообий болсон гэдэг. Улмаар өнөөдрийг хүртэл өөрийн сонирхлоо амьдралын түүхээ болгож, дэлхий дахинд давтагдашгүй зургаан давхар оньсон музейг байгуулсан байна.” хэмээн эхлүүлжээ. Түүний бүтээлийг оюутан бүр нийгмийн сөрөг асуудлуудыг тэр дундаа цахим ертөнцийн тухай бичсэн байхад нэг л хүүхэд сайн сайхан, эерэг зүйлийг тольдон өөрийн биеэр сурвалжлан бичсэн нь үнэ цэнэтэй байлаа хэмээсэн шүүгчидийн үнэлгээ Б.Баасандуламын бүтээлч оюутан болохыг дахин баталсан юм.

IMG_0414

Шилдэг хорьд шалгарсан Ц.Энх Оргил угаас уянгын халилтай нэгэн. Ижий аавын тухай, эх орны тухай бичихээрээ үзэг цаас нь цаанаасаа эвлээд л явчихна. Тэрээр “Наадам айсуй” уран нийтлэлээр тусгай шагналын эзэн болсон юм. Түүний наадам ийнхүү ирдэг бололтой.

“Хөхөөн дуунаар эртлэн босох айлын гэргий ширмэн тогоон дээр аагтай шаргал цайгаа самран зогсоно. Сүүлний өөх хэд гурав огтолж хийлээ. Цай тослогтоод, өег нүнжиг гэж жигтэйхэн. Өчигдөрхөн гал дээр тос хайлж чанасан боорцогоо цайнд дүрлээ. Боорцог аманд оронгуутаа уусна.

Гэрийн гадаа адуу янцгааж, үүрсэнэ. Найр наадам сунгаа гээд их ажил дагасан, сэтгэлийн их жаргал. Уяан дээр сойсон хурдан буянгуудыг харахад монгол хүний магнай тэнийм. Төмөртэй уулын энгэрт хонио бэлчээсэн бяцхан хүү, сүргээ салхи сөрөөгүйд сэтгэл нь амрах мэт. Голио царцааны чаг чагхийсэн дууг үл ажран, хөрөх шахсан бор цайгаа хааяа нэг оочилно.”…

IMG_0417

Харин А.Маралгоо хэд хэдэн бүтээл явуулсанаас “Маргааш” нэртэй шог найруулал шилдэг хорьд шалгаран үлдсэн юм. Шог найруулал гэдэг нийтлэлийн хүнд төрлүүдийн нэг. Нийгмийн аливаа сөрөг асуудлуудыг хошин шог мэдрэмжээр харж түүнийгээ олон нийтэд зөвшөөрүүлэн бичдэг нь  шилдэг фелетонч Б. Цэнддоогоос өөр үгүй.  Гэтэл 140-өөд бүтээл ирсэн нийтлэлийн төрөлд түүний бичсэн шог найруулал шалгаран үлдэж чаджээ. Тэр маргаашийг ийнхүү бичсэн байна. “Дэлхийн улс орнуудын дунд “маргааш ихтэй” орныг шалгаруулах аян өрнөжээ. Бүх л орон өөр хоорондоо өрсөлдөн, түрүүлэхийн хүслэн болсоор бие биенрүүгээ тагнуул илгээж байв. Орон орон дамжсан монголын тагнуулч эх орондоо ирээд олж мэдсэн мэдээллээ ерөнхийлөгчид хэллээ. Тэрээр “Эрхэм ерөнхийлөгчөө Англи улс эрхэмсэг нэрээ гээхээр шийджээ, Америкчууд харин харуул хамгаалалтаа цуцалж, “бүх цэргийн армиа буцаан татъя” гэж ярьж байна. Япончууд шинээр хуурай газар байгуулахыг зорьж байхад, өвгөн европынхон цаг баримтлахаа болихоор шийджээ. Хойд хөрш водкагаа багасгах тал дээр няхуур ажиллаж байхад урд хөршийхөн “санаагаараа биднийг гүйцэх улс байхгүй” гээд ерөнхийлөгч нь хээв нэг сууна” гэсэнд ерөнхийлөгч “хүүхдүүд ярьж л байдаг юм” гээд ёжтой инээснээ гарч одлоо. Гайхаж хоцорсон тагнуулч ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ойлгохгүй хэсэг бодлогширон суув. Тэгснээ “заза маргааш бодъё, арай их ажил амжууллаа” гээд гарч одов”…

Ийнхүү манай оюутнууд энэ жилийнхээ наадмаас богц дүүрэн буцлаа. Ирэх жилийн наадам хол байна даа гэдэг шиг дараагийнхаа нийтлэл нэвтрүүлгийг бэлдэхээр сэтгэл яаран сургуулийнхаа зүг бид явцгаасан юм.