ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ГАДААДЫН БАГШ, МЭРГЭЖИЛТЭНГ УРЬЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их, дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их, дээд сургуулиудаас гадаадын багш, мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль бүр шаардлагатай мэргэжилтэн, багш урих саналаа тус сургуулийн гадаад харилцааны ажилтанд тухайн оны нэгдүгээр сард багтаан ирүүлнэ. Эл захиалгыг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах асуудлыг зохион байгуулна.

Хоёр. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

2.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирэхээс хоёр сарын өмнө сургуулийн Гадаад харилцааны ажилтан БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгнө.
Хүсэлтэнд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
– Гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй анкет
– Гадаадын мэргэжилтэн, багшийн диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар
– Гадаадын иргэний паспортын хуулбар
– Гадаадын мэргэжилтэн, багш авч ажиллуулах зайлшгүй шаардлага хэрэгцээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, ажлын онцлог, мэргэжлийн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг
– Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
– Байгууллага гадаадын мэргэжилтэн, багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
– Тухайн орны баталсан стандартын дагуу багшлах эрхийн сертификат эсвэл сурган, заах арга зүй эзэмшсэн сертификат, гэрчилгээ, дипломын хуулбар /Монгол хэлээр хөрвүүлж албан ёсоор баталгаажуулсан байна./
– Өмнө нь Монгол улсад ажиллаж байсан бол тухайн мэргэжилтэн багшийн талаарх байгууллагын тодорхойлолт
– Биеийн эрүүл мэндийг тодорхойлсон эрүүл мэндийн бичиг
2.2. Уригдаж буй гадаадын мэргэжилтэн, багшийн талаархи хүсэлтийг БШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс хүлээн авч танилцуулсны үндсэн дээр 7-14 хоногийн дотор БШУЯ зөвшөөрлийн бичиг олгоно.
2.3. БШУЯ-аас зөвшөөрсөн тухай хариуг авсан нөхцөлд Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан албан бичиг /урилга/ үйлдэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газарт нэвтрэх визийн асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.
2.4. Гадаадын мэргэжилтэн, багш “HG” ангилалын виз авсан тохиолдолд Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй тул тэдний визийн хүсэлтэнд энэ талаар тусгавал зохино.
2.5. Гадаадын мэргэжилтэн, багшийг урих, виз хүсэхэд гарах төлбөрийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.

 

Гурав. Гадаад орноос Отгонтэнгэр их сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багшид тавигдах шаардлага

3.1. Гадаад орноос тус сургуульд уригдан ажиллах мэргэжилтэн, багш нар дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
3.1.1. их дээд сургуулийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн диплом, сертификат, түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт. /албан ёсоор Монгол улсын Гадаад явдлын яамаар дамжин ирсэн байна/
3.1.2. Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх.Үүнд:
– Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны багшаар 1-ээс доошгүй жил
– Эрдэм шинжилгээний ажилтнаар 3-аас доошгүй жил
– Гадаад хэлний багшаар 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх гэх мэт.
3.2. Уригдаж буй мэргэжилтэн, багш нь Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахдаа дор дурьдсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
3.2.1. мэргэжилтэн, багш нь Монгол Улсын хууль тогтоомж болон тухайн сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх.
3.2.2. гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх.
3.2.3. сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа явуулахгүй байх.
3.2.4. хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гадаад харилцааны ажилтан болон сургуулийн урирдлагад мэдэгдэлгүй гадаад, дотоодод явахгүй байх.

 

Дөрөв. Отгонтэнгэр их сургуульд тавигдах шаардлага

4.1. Гадаадын мэргэжилтэн, багшийг гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэхийн сацуу амьдрах байр сууц түрээслэхэд нь туслалцаа үзүүлж, гэрээнд заасан бол байр сууцаар хангана.
4.2. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.
4.3. Гадаадын мэргэжилтэн, багшид сургуулийн талаарх мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж, тэдгээрт оролцох бололцоогоор хангана.

 

Тав. Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал

5.1. Уригдаж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгал, ажил дээрх гэнэтийн ослын даатгалын тухай асуудлыг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зохицуулна.

Зургаа. Гэрээ байгуулах, сунгах, цуцлах

6.1. Гадаадын мэргэжилтэн, багш нар Отгонтэнгэр их сургуулийн ректортой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана.
6.2. Гадаадын мэргэжилтэн, багштай байгуулах гэрээ нь 3 хүртэлх жилийн хугацаатай байна.
6.3. Шаардлагатай тохиолдолд БШУЯ болон гадаадын байгууллагад гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтэн, багшийн ажиллах хугацааг 1 хүртэл жилээр сунгаж болно.
6.4. Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль тогтооомж, гэрээнд заасан нөхцлийн дагуу цуцална.

Долоо. Гадаадын багш, мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

7.1. Отгонтэнгэр их сургуулийн гадаад харилцааны ажилтан ажлын 3 хоногийн дотор гадаадын мэргэжилтэн, багшийн дэлгэрэнгүй бүртгэлийг бүрдүүлж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлэн, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцана.
7.2. Гадаадын мэргэжилтэн, багшийг Монгол улсад ирснээс хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийгдсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан тохиолдолд гадаадын мэргэжилтэн багшийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг авна.
7.3. Гадаадын мэргэжилтэн, багшийг бүртгүүлэх, хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрлийн хураамжийг Отгонтэнгэр их сургууль хариуцна.