ДАХИН ШАЛГАЛТ ӨГӨХ, ХИЧЭЭЛИИГ ДАХИН СУДЛАХ ЖУРАМ-аас

Дахин шалгалт өгөх

2.1. Судалбал зохих хичээлийн ирц нь 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн, явцын үнэлгээ нь хангалттай оюутан улирлын шалгалтанд ороход тухайн хичээлээр авбал зохих дүнгийн доод хязгаарыг авч чадаагүй бол уг хичээлийг дахин судлахгүйгээр нэг удаа дахин шалгалтанд орох эрхтэй.
2.2. Дахин шалгалтыг сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу дараагийн улирлын хичээл эхэлснээс хойш 30 хоногийн дотор өгсөн байна.
2.3. Дахин шалгалтын өмнө дахин шалгалтын төлбөр 5000 төгрөг төлснөөр оюутан шалгалтанд орох эрхтэй болно.
2.4. Дахин шалгалтанд орж дахин хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд тухайн оюутнаар тухайн хичээлийг нөхөн судлуулахаар сургуулийн захиргаа шийдвэр гаргана.
2.5. Хичээлийн ирц, явцын үнэлгээ хангалттай оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол тухайн хичээлийн шалгалтаа нөхөн өгөх эрхтэй.
2.6. Улирлын шалгалтанд ороогүй оюутны шалтгааныг харъяа тэнхим, сургуулийн захиргаа шалган тогтоосны дараа нөхөн шалгалтанд орох эрх олгоно.
2.7. Нөхөн шалгалтанд орох оюутан энэ журмын 2.2-д заасан хугацааг баримтална.
2.8. Нөхөн шалгалтанд ороод тухайн хичээлээр авбал зохих дүнгийн доод хязгаарыг авч чадаагүй бол энэ журмын 2.2, 2.3, 2.4-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.
2.9. Энэ журмын 2.4, 2.8-д зааснаар сургуулийн захиргаанаас тухайн хичээлийг нөхөн судлуулахаар шийдвэр гарсан бол тухайн оюутан уг хичээлийн нийт багц цагт оногдох төлбөрийн 1/3-ийг төлж сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу тухайн хичээлийг нөхөн судалсны дараа шалгалтаа өгөх эрхтэй болно.

Хичээлийг дахин судлах

3.1. Судалбал зохих хичээлийн 30 ба түүнээс дээш хувьд суугаагүй оюутныг улирлын шалгалтанд оруулахгүй.
3.2. Энэ журмын 3.1-д заасан оюутан тухайн хичээлийг дахин судлахдаа тусгай бүлэг үүсгэхгүйгээр дараагийн ангийн оюутнуудтай хамт хичээллэн судлах боломжтой бол тухайн хичээлийн багц цагт оногдох нийт төлбөрийн 1/3-ийг төлж сургалтанд хамрагдана.
3.3. Тухайн хичээлийг дахин судлах оюутны тоо 5-аас дээш байвал тусгайлан бүлэг бүрдүүлж, сургалтын албанаас тогтоосон хуваарийн дагуу хичээлийг дахин судлуулах ба энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийн багц цагт оногдох нийт төлбөрийн 2/3-ыг төлж сургалтанд хамрагдана.
3.4. Хичээл дахин судлах оюутнуудад зориулж оюутны өвлийн болон зуны амралтаар, шаардлагатай тохиолдолд хичээлийн явцын дунд сургалтын алба нэмэлт сургалтын хуваарь гарган хичээллүүлнэ.
3.5. Дахин судлах хичээлийг тусгайлан зохион байгуулахад оюутны тоо энэ журмын 3.3-д заасан тоонд хүрэхгүй, тухайн хичээл дараагийн улиралд заагдахгүй, дараагийн улиралд нь тухайн оюутны хичээлийн цагийн давхцалаас болж сургалтанд хамрагдах боломжгүй бол харъяалах сургуулийн захирал, тэнхим, багшийн саналыг харгалзан ганцаарчилсан хэлбэрээр сургалтыг зохион байгуулж болох ба энэ тохиолдолд оюутан энэ журмын 3.3-д заасан төлбөрийг төлж хичээлийг дахин судлах эрхтэй болно.
3.6. Хичээлийг дахин судалсан оюутан улирлын шалгалтаа нэмэлт төлбөргүй өгөх эрхтэй ба шалгалтанд хангалтгүй үнэлгээ авч дахин шалгалт өгөх бол энэ журмын 2.3-д заасан төлбөрийг төлнө.
3.7. Хичээлийг дахин судлаад дахин шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутныг сургуулиас хасах эсхүл улираан суралцуулах эсэх асуудлыг харъяа сургуулийн саналыг үндэслэн ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.