Ректорын 2012 оны 11 дүгээр
сарын 05-ны өдрийн 193
тоот тушаалын гуравдугаар
хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ …

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дотоод журам нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын багц хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хэм хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор профессор багш нар, ажилтан, ажилтнууд, оюутнуудын хөдөлмөр, сургалтын үйл ажиллагаг оновчтойгоор зохион байгуулж тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлж, өндөр мэдлэгтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэнэ.
1.2 Сургуулийн дотоод журам бол профессор багш, ажилтан, ажилчид оюутнуудаас хичээлийн байр, анги тэнхим зэрэг сургуулийн нутаг дэвсгэрт заавал сахин биелүүлбэл зохих хэм хэмжээ мөн.
1.3 Сургуулийн дотоод журмын хэрэгжилтэнд сургуулийн ректор, салбар сургуулийн захирал болон ажилтан, суралцагчийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагууд тэдгээрийн албад хяналт тавина.
1.4 Сургуулийн захиргаа нь багш ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг, суралцагчидтай суралцах хугацааны гэрээг тус тус бичгээр байгуулна.

Хоёр. Профессор багш, ажилтнуудыг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас халах журам

2.1. Профессор багш нар, ажилтнуудыг ажилд авахдаа тухайн ажлын байранд тохирсон боловсрол, мэргэжил, мэдлэг, хувь хүний сонирхол, хувийн соёл, зан харьцаа, хүнтэй ажиллах эв дүй, нийгмийн идэвхи, багаар ажиллах чадвар, хөдөлмөрийн чадвар, чадамж, ажил хэрэгч чанар, эрүүл мэнд зэргийг гол шалгуур болгоно.
2.2. Отгонтэнгэр их сургуулийг төлөөлж ректор ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд Ректорын тушаал гаргаж, ажил үүрэг гүйцэтгүүлнэ.
2.3. Профессор, багшийг бүтцийн сургууль, тэнхимийн саналыг үндэслэж дараах үндсэн хэлбэрээр авч ажиллуулна.
2.3.1. багшид тавих шаардлага хангасан хүнийг уралдаант шалгаруулалтаар
2.3.2. өндөр мэргэшлийн эрдэмтдийг урьж ажиллуулах,
2.4. Хүний нөөцийн ажилтан ажилд орох иргэдээс доорхи бичиг баримтыг бүрдүүлж авна. Үүнд:
2.4.1. иргэний үнэмлэх /паспорт/
2.4.2. ажилд орохыг хүсэгчийн өргөдөл
2.4.3. диплом, мэргэжлийн болон цол зэргийн үнэмлэх
2.4.4. нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр
2.4.5. ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт
2.4.6. эрүүл мэндийн тодорхойлолт
2.4.7. урьд ажил эрхэлж байсан бол ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
2.5. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа шууд хариуцах албан тушаалтан нь ажилтанд Отгонтэнгэр их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, холбогдох дүрэм зааврыг танилцуулсан байна.
2.6. Сургуулийн захиргаа нь профессор, багш ажилтнуудыг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүйгээр хэлэлцэн байгуулна.
2.7. Тухайн хүн уг ажлыг үргэлжүүлэн гүйцэтгэх боломжтой эсэхийг тодруулах, түрүүчийн ажиллаж байсан хүний орон тоо /төрийн байгуулагад сонгуульт үүрэг түр гүйцэтгэж байгаа, ээлжийн амралттай байгаа, эмчийн магадлагаагаар болон захиргааны зөвшөөрлөөр чөлөөтэй байгаа, амаржсаны чөлөөтэй байгаа/-г хэвээр хадгалах, зөвхөн нэг удаа хийж гүйцэтгэх ажилд авах, дараагийн шатны ажилд бэлтгэх зорилгоор өмнө нь өөр ажилд авч ажиллуулахад чиглэнэ.
2.8. Байнгын орон тоон дээр тодорхой хугацаа заалгүйгээр ажиллахыг хэлнэ.
2.9. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах тухай санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа тохиолдолд уг гэрээг дахин нэг жилээр сунгасанд тооцно.
2.10. Хугацаагүй хөдөлмөрйн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 болон 40 дүгээр зүйлийг удирдлага болгоно.
2.11. Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас нэг сарын өмнө захиргаа гэрээ цуцлах, үргэлжлүүлэх эсэх талаар профессор багш ажилтан, ажилчдад албан ёсоор мэдэгдэнэ.
2.12. Ажил мэргэжлийн тодорхойлолтонд заасан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа болон аттистатчлалд хангалтгүй дүн үзүүлсэн профессор, багш, ажилтан, ажилчдын хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, ажлаас хална.
2.13. Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-ээс 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахдаа нэг сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно
2.14. Ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заана
2.15. Профессор, багш, ажилтан, ажилчдыг ажилд авах, хувийн хэрэг, материалыг хариуцах, баяжилт, хөдөлгөөн хийх, статистик мэдээ, тайлан гаргахад дараах журмыг баримтална. Үүнд:
2.15.1. Отгонтэнгэр их сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчдыг ректорын тушаалаар ажилд томилж, чөлөөлнө
2.15.2. профессор, багш, ажилтан, ажилчдыг ажилд шинээр авахад ректорын зөвлөлийн хуралд байлцуулан танилцуулна
2.15.3. профессор, багш, ажилтан, ажилчдын хувийн хэргийг хүний нөөцийн ажилтан, сургалтын албан дээр төвлөрүүлнэ
2.15.4. профессор, багш, ажилтан, ажилчдын хувийн хэргийн баяжилтыг жил бүр хийнэ
2.15.5. ажилд шинээр орж байгаа профессор, багш, ажилтан, ажилчдад ажил мэргэжлийн тодорхойлолтыг танилцуулж гэрээ байгуулна.

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1. Сургуулийн захиргааны эрх, үүрэг
3.1.1. профессор, багш, ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулах
3.1.2. сургуулийн дүрэм, дотоод журам, зорилтоо танилцуулж уг ажилтны эрхлэх ажил, хөдөлмөрийн нөхцөл, үндсэн ба нэмэгдэл хөлсний талаар тайлбарлаж өгнө
3.1.3. профессор, багш ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах байрны хэвийн нөхцөл болон хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцлөөр хангана
3.1.4. хөдөлмөрийн нөхцөлийг тогтоосны үндсэн дээр ажилчдад ажлын хувцас, ариутгах бодис, нормын сүүг олгох арга хэмжээ авна.
3.1.5. профессор, багш, ажилтанд мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хуульд заасны дагуу цалинтай чөлөө олгох
3.1.6. профессор, багш, ажилтны ар гэрт гачигдал тохиолдох үед зохих журмын дагуу тэтгэмж олгох
3.1.7. Отгонтэнгэр их сургуулийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх
3.1.8. дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах
3.2. Профессор, багшийн эрх, үүрэг
3.2.1. сургуулийн дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрмийг чандлан биелүүлж, багшийн нэр төрийг өндөр өргөж, өөрийгөө байнга хөгжүүлж, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллах
3.2.2. сургалтын технологийн горимыг чанд баримтлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлын талаар жил тутам өсөж ахисан байх
3.2.3. сургууль, тэнхим, хамт олны болон тодорхой салбарын хөгжлийн асуудлаар төсөл боловсруулах, асуудал дэвшүүлэх, гадны төсөлд оролцох хийгээд оюутны дотны зөвлөгч, соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэгч, сурталчилагч байх
3.2.4. ажил мэргэжлийн тодорхойлолтонд заасан ажил үүргээ бүрэн хангалттай гүйцэтгэх
3.2.5. мэдлэг, мэргэжил, ажлын чадвараа байнга дээшлүүлэх
3.2.6. өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол сургуулийн захиргаанд заавал мэдэгдэж ажлын цагийн үргэлжлэлийг харилцан тохиролцох

Дөрөв. Ажлын цаг

4.1. Хуулиар зохицуулагдсан 7 хоногийн ажлын өдөрт хөдөлмөр амралтын горимыг алдагдуулахгүйгээр ажиллана. Ажлын 5 өдөрт сургалтын ажлыг гүйцэтгэнэ.
4.2. Албан хаагчид, эрдэм шинжилгээний болон хичээлийн туслах ажилтан, тэнхимийн эрхлэгчид, ажилчдын ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 6-8 цагаар тогтоогдсон байна. Багшлах ажилтнуудаас бусад ажилтнууд өглөө 9:00-18:00 цагт ажиллана. Үдийн завсарлага 13:00-14:00 цагт үргэлжилнэ.
4.3. Профессор, багш нарын долоо хоног, өдрийн ажлын хуваарийг хичээлийн эрхлэгч, диспетчер, тэнхимийн эрхлэгчид гарган зохицуулна. Отгонтэнгэр их сургуулийн хичээл 90 минутаар үргэлжилнэ.
4.4. Хөдөлмөрийн тухай хууль, Отгонтэнгэр их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон ажлын цагийг хожимдсон, тасалсан тохиолдол бүрийг сахилгын шийтгэлд тооцох бөгөөд ажил тасалсан цагаар тооцож хөдөлмөрийн хөлс, олговол зохих цагаас хасна.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийг үндэслэн профессор, багш, ажилтан, ажилчдад цалинтай ба цалингүй чөлөө олгож болно.
4.6. Дараах тохиолдолд цалинтай чөлөө олгоно
4.6.1. эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, үр хүүхэд нь нас барах, гал усны болон байгалийн гэнэтийн аюул, аваар осолд өртсөн зэрэг аргагүй гачигдал гарсан тохиолдолд өөрийн хүсэлтээр 7-14 хоногийн цалинтай чөлөөг ректорын тушаалаар олгоно.
4.6.2. профессор, багш сургалтаас түр чөлөөгдөөд ном бичих, томоохон төсөл боловсруулах, зэрэг хамгаалах зайлшгүй шаардлага гарвал 1 жил хүртэл цалинтай чөлөөг холбогдох дүрэм, журмын дагуу олгож болно
4.6.3. хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд тогтоосон хугацаанд цалинтай чөлөө олгоно.
4.7. Дараах тохиолдолд цалингүй чөлөө олгоно
4.7.1. профессор, багш, ажилтан, ажилчдад өвчтэй хүн асрамжлах, эрдэм шинжилгээний ажлаа дуусгахад нэмэлт чөлөө авахаар хүсэмжлэх, хувийн орон сууц барих, амьдрал ахуйгаа сайжруулах зэрэг шалтгааны улмаас түр хугацааны цалингүй чөлөө ректорын тушаалаар олгох ба энэхүү чөлөөний дээд хязгаар нь нэг хичээлийн улирал /5 сар/ байж болно.
4.7.2. хичээл байнга явагддаг лаборатори, кабинет хариуцсан туслах ажилтан болон тэнхимийн эрхлэгч, тухайн семистрт хичээлтэй байгаа багшид хичээл сургалтын хэвийн ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцлийг хангасан тохиолдолд цалингүй чөлөө олгох эсэхийг шийдвэрлэнэ.
4.7.3. цалингүй чөлөөний хугацаанд оногдох амралтын хоногийг ээлжийн амралтаас хасч тооцно.

Тав. Амралт, цалин хөлс, шагнал урамшуулал олгох

5.1. Тодорхой хугацаатай ба хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж буй профессор багш, ажилтан, ажилчдын ажлын жилийн амралтын хуваарийг оны эхний улиралд гаргаж амралтыг нь биеэр эдлүүлнэ.
5.2. Ажилтан, ажилчдын нэмэгдэл амралтын хоногийг жил бүр шинэчлэн тогтоож, ээлжийн амралтыг хуваарийн дагуу олгоно.
5.3. Тодорхой хугацаагаар ажиллагчдад ажилласан сард ногдох амралтын хоногоор нь бодож амралтын мөнгө олгоно.
5.4. Иргэний эрх зүйн гэрээгээр ажил гүйцэтгэгчид амралтын мөнгө олгохгүй.
5.5. Профессор, багш, ажилтан, ажилчдын үндсэн цалинг сард 2 удаа, сар бүрийн 10 болон 25-ны өдрүүдэд ажилтнуудын цалингаас суутгал хийх асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар зохицуулж мөнгөөр олгоно.
5.6. Профессор, багш, ажилтан, ажилчдад сургалт, эрдэм шинжилгээ үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт арга, санаачилсан зүйлийн үр дүнгээс урамшуулал олгож байх ба эл асуудлыг сургуулийн ректорын зөвлөлийн санал болгосноор ректор шийдвэрлэнэ.
5.7. Дэд захирал, тэнхимийн эрхлэгчдэд ажлын үр дүнгийн нэмэгдэл олгож болно.
5.8. Эрхэлсэн ажилдаа бүтээлч санаачлагатай ханддаг ажлын амжилт үр бүтээл нь байнга өсч буй профессор, багш, ажилтан, ажилчдыг сургуулийн захиргаанаас дор дурдсан хэлбэрээр шагнаж урамшуулна.
5.8.1. сарын цалингийн 30 хүртэл хувийн мөнгөн шагнал олгох
5.8.2. сургуулийн хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах
5.8.3. хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэх, хүндэт доктор, профессор цол олгох
5.8.4. сургуулийн зардлаар амралт сувилалд явуулах
5.8.5. орон сууц, цахилгааны хөлсийг нь сургууль тодорхой хугацаагаар төлөх
5.8.6. хувийн зардлаар суралцагч /нэг хүүхдийн төлбөрийг бүрэн, хоёр хүүхэд суралцдаг бол хоёр дахь хүүхдийн төлбөрийг 50 хүртэл хувиар хөнгөлж сургууль хариуцна/
5.8.7. орон нутагтаа амралт чөлөөгөөр очих, ирэх 2 талын унааны зардлыг олгох
5.8.8. төрийн одон медаль, шагнал болон бусад байгууллагын шагналд тодорхойлох

Зургаа. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл

6.1. Хөдөлмөрийн сахилга зөрчиж, ажлын хариуцлага алдсан профессор, багш, ажилтан, ажилчдад дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна.
6.1.1. хариуцсан ажил үүргийн чанар, үр дүнг дээшлүүлэх, өөртэй нь холбогдсон зөрчил дутагдлыг засуулах талаар амаар болон бичгээр мэдэгдэл өгөх
6.1.2. дээрхи мэдэгдлийн дагуу ажилдаа мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаагүй, дутагдлаа бүрэн арилгаагүй хийгээд дахин зөрчил, дутагдал гаргавал хатуу сануулна
6.1.3. хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
6.1.4. дээрхи арга хэмжээнүүд авагдсан боловч дахин зөрчил дутагдал гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална.
6.1.5. ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтанд Отгонтэнгэр их сургуулийн ёс зүйн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.2. Захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас халагдсанд тооцох нөхцөлүүд:
6.2.1. хичээл тасалсан, хожимдсон багшийн сарын цалингаас заагаагүй цагийн мөнгийг бодож суутгах бөгөөд тухайн сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хожимдсон цагийн тоо 10-аас хэтэрвэл
6.2.2. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасралтгүй 3-аас дээш хоногоор, тасалдалтай бөгөөд /жилд 10 хоногоор үндсэн үүргээсээ хөндийрсөн ажил тасалсан тохиолдолд. Хичээлийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, оюутныг шалгалтанд оруулах, дахин шалгалт өгүүлэх зөвшөөрөл олгоход оюутантай зүй бусаар харьцсан, нэгдсэн дүнгийн жагсаалтанд бичигдсэн дүнг дур мэдэн өөрчлөх зэрэг ёс суртахууны ноцтой зөрчил гаргавал
6.2.3. шунахайн зорилгоор бичиг баримт засварлах, хуурамчаар үйлдэх болон ашигласан тохиолдол гэх мэт болно.
6.2.4. Отгонтэнгэр их суруулийн ёс зүйн дүрэмд үл нийцэх ноцтой үйлдэл