Ректорын 2012 оны 09 дүгээр
сарын 10-ний өдрийн 158 тоот
тушаалын нэгдүгээр хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ДОТООД ХЯНАЛТ,
ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн дотоод хяналт шалгалт нь сургуулийн хэмжээнд Монгол улсын хууль, тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр бусад акт болон Отгонтэнгэр их сургуулийн дүрэм журам, Ректорын тушаал, шийдвэрийн хэрэгжилт, санхүү, өмч хөрөнгийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, сургалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, стандарт зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг илрүүлж арилгуулах замаар хууль, дүрэм, журам, стандартыг нийтээрээ хэрэгжүүлдэг хэвшил тогтооход оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн сургууль болон бусад нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Дотоод хяналт шалгалтыг тодорхой бус гомдол, нэр хаяггүй мэдээллээр явуулахыг хориглоно.
1.4. Дотоод хяналт шалгалт зохион байгуулахад ил тод, шударга, бодитой байх зарчмыг удирдлага болгоно.
1.5. Дотоодын хяналт шалгалт нь дараах хэлбэрүүдтэй байна.
1.5.1. төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус
1.5.2. орцын, явцын, гарцын
1.5.3. байнгын болон цаг үеийн
1.6. Дотоод хяналт шалгалт нь хамрах хүрээг тогтоож удирдамж боловсруулан батлуулах, холбогдох хяналт шалгалт хийх, үнэлгээ дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, тайлагнах үе шатуудтай байна.

Хоёр. Байгууллагын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт шалгалт зохион байгуулалт

2.1. Отгонтэнгэр их сургууль нь дотоод хяналт шалгалт хариуцсан орон тооны буюу орон тооны бус ажилтантай байж болох ба тухайн албан тушаалтныг ректорын тушаалаар томилно.
2.2. Дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтан нь ректорын шууд удирдлагад ажиллах бөгөөд хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зохион байгуулалтын бусад бүтэц нэгжээс хараат бус байна.
2.3. Бүтцийн сургууль, сургалтын алба бусад нэгжүүд өөрийн дотоод үйл ажиллагааны ажил хэрэгч, шуурхай байдал, тухайн нэгжийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, хууль тогтоомж, стандартын биелэлт, сахилга дэг журам, ажлын цаг ашиглалтанд байнгын хяналт тавьж, зарчимч шаардлага, шударга шүүмжлэлийг дээдлэн, сургуулийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтонд заасан ажлын байранд тавигдах шаардлагыг чанд баримталж ажиллана.
2.4. Дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтан нь хяналт шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөө, графикийг улирал, жилээр боловсруулан ректороор батлуулан мөрдөж ажиллана.
2.5. Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хяналт шалгалт эрхэлсэн ажилтан хэрэгжүүлэх ба шаардлагатай гэж үзвэл ректорын тушаалаар комисс томилон зохион байгуулж болно.
2.6. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хяналт шалгалт хариуцсан ажилтан хэрэгжүүлэх ба явуулах болсон үндэслэл, удирдамжинд заасан асуудлын хүрээнд явуулна.
2.7. Цаг үеийн хяналт шалгалтыг хяналт шалгалт эрхэлсэн ажилтан буюу ректорын тушаалаар томилогдсон комисс хэрэгжүүлнэ.

Гурав. Сургалтын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт

3.1. Сургуулийн сургалтын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах, хяналт тавих ажлыг сургалтын алба, тэнхимийн эрхлэгч нар хариуцан гүйцэтгэнэ.
3.2. Хичээлийн жилийн төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл, хичээлийн хуваарь, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сургалтын үйл ажиллагаа стандартын дагуу сургалтын үйл ажиллагаа явагдаж буйд өдөр тутам хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрд нь засаж, залруулах ажлыг сургалтын алба хариуцан гүйцэтгэнэ.
3.3. Багш нарын үндсэн бичиг баримт хөтлөлт, оюутны өдөр тутмын үнэлгээжүүлэлт, багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт, ажлын цаг ашиглалтанд тавих хяналтыг сургалтын алба хариуцана.
3.4. Оюутнуудын хичээлэлтийн явц, үр дүн, хичээлийн ирцэнд тавих хяналтыг ангийн багш, сургалтын албаны ажилтан нар хариуцана.

Дөрөв. Санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт

4.1. Төсвийн төлөвлөлт, зарцуулалт, орлогын бүрдүүлэлтэнд тавих хяналтыг сургуулийн аж ахуйн алба хариуцана.
4.2. Сургууль, нэгжийн өмч хөрөнгийн хадаглалт, хамгаалалт, ашиглалтын байдал тавих хяналтыг аж ахуйн алба хариуцана.
4.3. Багш ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн бичилт зохих журмын дагуу хийгдсэн эсэхэд тавих хяналтыг хүний нөөцийн менежер хариуцана.

Тав. Дотоод хяналт шалгалтын ажлын үр дүн, хариуцлага

5.1. Дотоод хяналт шалгалтын үр дүнг ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зохих шийдвэрийг гаргуулна.
5.2. Дотоод хяналт шалгалтын ажлын үр дүн, авсан арга хэмжээ цаашид хэрэгжүүлэх ажлын талаар улирал тутам ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамт олонд мэдээлнэ.
5.3. Хяналт шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцлийг арилгуулах, буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ректорын тушаалаар шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

Зургаа. Дотоод хяналт шалгалтын ажилтны эрх, үүрэг

6.1. Дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтан нь Засгийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын гуравдугаар зүйлийн 3.7-д заасан нийтлэг эрх, үүрэгтэй байна. Үүнд:
6.1.1. зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж, дүнг тайлагнах
6.1.2. хяналт шалгалт явуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгжийн удирдлагатай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах
6.1.3. илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах
6.1.4. шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх
6.1.5. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах
6.1.6. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
6.1.7. холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа, дүгнэлт гаргах
6.1.8. дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах
6.1.9. байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээллээр удирдлагыг хангах
6.1.10. хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх
6.1.11. дотоод хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэх
6.2. Энэ журмын 3.7-д зааснаас бусад эрх, үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-д тусгана.
6.3. Энэхүү журмын 3.7-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.