ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ-ээс

 

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Дүрмийн зорилт

  • Энэ дүрмийн зорилт Отгонтэнгэр их сургуулийн /цаашид ОТИС гэх/ Оюутны Холбоо /цаашид ОХ гэх/, бүтцийн сургуулийн Оюутны Зөвлөл /цаашид ОЗ гэх/-н зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчим, бүтэц зохион байгуулалт, гишүүдийн эрх үүрэг, ОХ-ны чиглүүлэгч багш, тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  • Энэ дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Монголын Оюутны Холбооны дүрэм, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, дотоод журмуудтай уялдана.
  • Отгонтэнгэр их сургуулийн Оюутны Холбоо нь Отгонтэнгэр их сургуулийн оюутны эрх барих, дээд байгууллага мөн.
  • ОХ нь өөрийн билэгдэл, хэвлэмэл хуудастай байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

2 дугаар зүйл. Зорилго

    • ОТИС-ийн ОХ-н эрхэм зорилго нь тус сургуульд суралцаж буй оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутныг бүх талаар хөгжүүлэх, нийгэмд бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг зохион байгуулах, сургуулиа төлөөлөх, оюутнуудаа бусад их дээд сургуулиудын оюутнуудтай холбох, салбар сургуулиудын ОЗ-үүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэн, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.
    • ОТИС-ийн ОХ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд зорилтуудаа тодорхойлон гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулан хэрэгжүүлнэ.

3 дугаар зүйл. Зарчим

    • ОХ нь үйл ажиллагаа явуулахдаа дараах зарчмуудыг заавал удирдлага болгоно.
      • ардчилал, шударга ёсны зарчим
      • удирдах, удирдуулах ёсны зарчим
      • ил тод нээлттэй байдлын зарчим
      • нэгдмэл удирдлагын зарчим
      • байнгын тогтвортой, залгамж чанартай байх зарчим
      • хариуцлага тооцдог, ёс зүйтэй байх зарчим
      • харилцан итгэлцэл, идэвхи санаачлагатай, сайн дурын байх зарчим
      • дүрмээ даган биелүүлэх зарчим
      • гишүүдийн тэгш эрхийн зарчим

4 дүгээр зүйл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

    • ОТИС-ийн ОХ нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
      • сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах.
      • нийт оюутнуудыг ОТИС, Монголын оюутны холбоо болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахдаа бүрэн төлөөлөх.
      • оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах.
      • оюутны бүх төрлийн санаачлагыг дэмжих
      • оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих

 

Бүтэц, зохион байгуулалт, эрх, үүрэг

5 дугаар зүйл. ОХ-ны хурал

    • ОХ нь тэргүүн, ОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид ЕНБД гэх/, нарийн бичгийн дарга /цаашид НБД гэх/, ажлын алба, чиглүүлэгч багш, салбар сургууль бүрийн оюутны зөвлөлөөс бүрдэнэ. ОХ нь ОХ-ны тэргүүн, ЕНБД, НБД нарыг хурлаар, оюутны зөвлөл тус бүрээс 2 гишүүнийг сонгож, ОЗ-ийн дарга нар албан үүргийн дагуу нийт 12 гишүүнээс бүрдэнэ.
    • ОХ-ны шийдвэр гаргах дээд байгууллага нь ОХ-ны хурал байна.
    • ОХ-ны хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.
    • Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд тэргүүн, түүний эзгүйд ЕНБД ба гишүүдийн олонхийн саналыг үндэслэн зохион байгуулна. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа чиглүүлэгч багш, тэргүүнд уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.
    • ОХ, ОЗ-ийн нийт гишүүдийн чуулган
      • энэ дүрмийн 5.1-д заасан ОТИС-ийн оюутны өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн бүрэлдэхүүнийг ОХ, ОЗ-ийн нийт гишүүдийн их хурал буюу чуулган гэнэ.
      • чуулган жилд 2 удаа ээлжит хуралтай байхаас тодорхой асуудлаар ээлжит бус чуулган зохион байгуулж болно. Ээлжит бус чуулганыг Оюутны холбооны гишүүдийн 2/3-н саналаар зохион байгуулна.
      • хурал нь ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, зорилго, зорилт тодорхойлох, төлөвлөгөө, тайлан, төсөв хэлэлцэх батлах, тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга сонгох зэрэг бүрэн эрхтэй байна.

 

6 дугаар зүйл. Хурлын дэг

    • Нийт гишүүдийн олонхи /гуравны хоёр/ ирсэнээр хурлыг хүчинтэйд тооцно.
    • Хурал нь даргалагчтай байх ба тэргүүн, түүний эзгүйд ЕНБД, түүний эзгүйд гишүүдийн олонхийн санал авсан гишүүн даргална.
    • Хурлын протоколыг нарийн бичгийн дарга үнэн зөв, стандартын дагуу тэмдэглэж хурлын даргалагчид шалгуулан гарын үсэг зуруулна.
    • Хурал эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлыг гаргасан байх ёстой бөгөөд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг ОХ-ны тэргүүн түүний эзгүйд хурал даргалж байгаа этгээд гаргана. ОХ, ОЗ-ийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах эрхтэй ба уг саналаа амаар болон бичгээр хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.
    • Хурлыг хурал даргалагч нээх ба хурлын төгсгөлд дүгнэнэ.
    • Гишүүд хуралд саналаа хэлэх эрхтэй бөгөөд гараа өргөн хурал даргалагчаас зөвшөөрөл авсны дагуу саналаа илэрхийлнэ. Саналаа илэрхийлэхдээ дарга, гишүүдэд хүндэтгэлтэй хандаж, ёс суртахуунлаг байх ба гишүүний 1 удаа саналаа хэлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна.
    • ОХ, ОЗ-ийн нэг удаагийн хурал 2 цагаас хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд хурлын цагийг хурал даргалагч сунгаж болно.
    • ОХ-ны хурлаас зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр гишүүд гарна.
    • ОХ-ны хурлаас хоцорсон тохиолдолд хурал даргалагчаас зөвшөөрөл авч орно.
    • Хурлын дэгийг зөрчсөн бол хурал даргалагч эхний удаа сануулах, 2 буюу түүнээс дээш удаа зөрчвөл хурлаас хөөж гаргана. Ийнхүү хөөгдөж гарсан тохиолдолд ОХ-ны хуралд ирээгүйгээр тооцно.