ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ-ээс

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Отгонтэнгэр их сургуулийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, сургуулийн үйл ажиллагаатай холбоо бүхий аливаа харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай багц хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хүрээнд гаргасан тушаал, шийдвэрт нийцсэн байна.
1.3. Отгонтэнгэр их сургууль нь бакалавр, магистрын болон докторын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дээд боловсролын байгууллага мөн.
1.4. Отгонтэнгэр их сургууль нь төрөөс баримталж буй боловсролын бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлж иргэдэд дээд боловсрол эзэмшихэд нь үйлчлэх зорилготой байна.
1.5. Отгонтэнгэр их сургууль нь хуулийн этгээд бөгөөд хууль тогтоомжийн дагуу төрийн болон бусад аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургууль бусад байгууллагатай харилцан тэгш харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.
1.6. Отгонтэнгэр их сургууль нь нэг загварын дардас, тэмдэг, албан бичгийн нүүр хуудастай байна.
1.7. Отгонтэнгэр их сургуулийн хэмжээнд нэг загварын сурлагын дэвтэр, диплом, үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдэгийг ашиглана.
1.8. Отгонтэнгэр их сургууль нь эрдэм шинжилгээний болон улирлын тогтмол хэвлэлтэй байж болно.

Суралцагч

3.1.1. суралцагч нь бүрэн дунд, тусгай дунд, дээд боловсрол эзэмшсэн бакалавр магистрын зэрэгтэй байж болох ба их дээд сургуулийн уралдаант шалгалт болон магистрантур, докторантурын шалгалтанд орж тэнцсэн, суралцах мэргэжлийнхээ зохих түвшний сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулгыг бүрэн дүүрэн эзэмших чадвартай бөгөөд сонирхолтой, сурах арга барил эзэмшсэн, тухайн мэргэжлээр суралцахад харшлах ёс суртахууны болон бие бялдар, эрүүл мэндийн доголдолгүй байна.
3.1.2. суралцагч элсүүлэх, төгсгөх, сахилгын арга хэмжээ авах, сургуулиас хөөх, чөлөө олгох, хасах, сургалтын төлбөр хөнгөлөх, чөлөөлөх, сургууль шилжүүлэх, анги дэвшүүлэх асуудлыг ректорын тушаалаар шийдвэрлэнэ.
3.1.3. суралцагчийн эрх:
– хүндэтгэх шалтгааны улмаас тухайн хичээлийн 30 хүртэл хувьд сууж чадаагүй боловч лаборатори, дадлага, семинарын хичээлийг нөхөн хийж, ангийн ажил, төсөл хамгаалсан суралцагч шүүлэг, шалгалт, зохих түвшний диплом хамгаалалтанд орох
– өөрийн сонирхсон чиглэлээр сонгон суралцах талаар сургуулийн захиргаанд хүсэлт оруулах
– сургалтын зориулалттай өмч хөрөнгө, эд хогшил, анги танхимыг зориулалтын дагуу ашиглах
– хүндэтгэн үзэх шалтгаантай бол бүтцийн болон салбар сургуулийн захирлын зөвшөөрлөөр шүүлэг, шалгалтанд урьдчилан орох
– эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх
– хичээл, сургалтын бусад цагаар хөдөлмөр эрхлэх
– сургуулийн бүтэц, зохион байгуулалт болон сургалтын үйл ажиллагааны талаар санал бодлоо сургуулийн захиргаанд илэрхийлэх
3.1.4. хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон суралцагчид холбогдох баримтыг үндэслэн сургуулийн захиргаа чөлөө олгож, дараагийн жилийн зохих улиралд кредит цагаа нөхөн гүйцээж болно.
3.1.5. суралцагчийн үүрэг:
– сонгон авсан мэргэжлээрээ онолын мэдлэг, мэргэжлийн дадлага гүн бат эзэмшин сургалтын төлөвлөгөөнд заагдсан шүүлэг, шалгалтыг тогтоосон хугацаанд нь бүрэн өгөх. Жич: тасалсан цагаа кредит гүйцээхээр зохих улиралд нь нөхөн хичээллэхгүйгээс ганцаарчилсан хэлбэрээр кредит цагаа нөхөн хийх, шалгалт дахин өгөх тохиолдолд нэмэлт төлбөр төлнө.
– ангийн болон лабораторийн ажил, дадлагын тогтоосон хугацаанд нь гүйцэтгэж, тайланг хамгаалах
– онол, улс төр, гоо зүй, гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлэх
– сургуулийн захиргаа, тэнхимээс зохиож буй сургалт хүмүүжлийн ажилд идэвхитэй оролцон өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх
– хамт олныг удирдан зохион байгуулах чадвар эзэмших
– үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, соёл олон нийтийн ажилд идэвхитэй оролцох
– нийтийг хамарсан биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, цаг үеийн ажилд оролцох
– хичээлийн ба дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлж, ариун цэвэр, соёлжилт, дэг журмын талаар гарсан аливаа зөрчилтэй тэмцэх
– сургуулийн эд хогшил, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, зориулалтаар нь хэрэглэх
3.1.6. сургуулийн бүх анги танхим, сургалт үйлдвэрлэлийн лабораториудын ариун цэвэр, эмх цэгцийг сахиулахад оюутнууд биечлэн оролцоно.
3.1.7. суралцагчийн хөнгөлөлт:
Бакалаврын зэргийн өдөр, оройн хэлбэрийн сургалтанд хамрагдсан суралцагч эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хувь, эхний 4 ба түүнээс дээш улирал А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ. Амжилттай суралцсаны хөнгөлөлтийг ректорын тушаалаар эдлүүлнэ.
3.1.8. суралцагчдад хүлээлгэх хариуцлага:
Суралцагчийн сурах үйл ажиллагааг үнэлэх журам, хичээлийн байранд дагаж мөрдөх журам зөрчсөн, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан суралцагсдад дараах хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд:
– сануулах
– сургуулиас хасах
– сургуулиас хөөх
Зуны болон өвлийн амралт, чөлөөний дараа тогтоосон хугацаанд суралцагч хичээлдээ эргэж ирсэн байх ёстой. Хэрэв хүндэтгэх шалтгаангүйгээр эсхүл тодорхой бус шалтгаанаар 14-өөс дээш хоногоор хичээл тасалсан оюутныг анги дэвшүүлэхгүй улираах буюу сургуулиас хасах асуудлыг харъяалах тэнхимийн саналыг үндэслэн ректорын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Отгонтэнгэр Их сургуулийн дэргэдэх олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа

5.1. Отгонтэнгэр их сургуульд оюутан, багш, ажилчдын олон нийтийн байгууллага ажиллаж болно.
5.2. Олон нийтийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа олон нийтийн байгууллагын тухай Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд их сургуулийн дотоод журамд нийцүүлэн явуулна.
5.3. Олон нийтийн байгууллага нь Отгонтэнгэр их сургуулийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон ректорын зөвлөлд тэдгээрийн эрх хэмжээний асуудлаар санал оруулж болно.
5.4. Олон нийтийн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж болон Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Отгонтэнгэр их сургуулийн хүрээнд ажиллахыг сургуулийн захиргаа хориглох эрхтэй.

Зургаа. Хариуцлага

6.1. Отгонтэнгэр их сургуулийн дүрэм зөрчигчдөд Монгол улсын Боловсролын хууль, тогтоомж болон Хөдөлмөрийн хууль, тогтоомж, Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам, гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.