БНХАУ-ын Манжуур хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Манжуурын Гоо Бүсгүй-2017 тэмцээнд Эх орноо төлөөлөн оролцох шилдэг 15 охин шалгарсан билээ. Өөртөө итгэлтэй, хараа булаам үзэсгэлэнт 200 гаруй охин өрсөлдсөнөөс Отгонтэнгэр Их Сургуулийн Агаарын тээврийн үйлчилгээний 1в ангийн оюутан Х.Хишигжаргал, Т.Нацагдулам нар шилдэг оролцогчоор шалгарч оролцохоор болжээ. Ирэх сард болох Манжуурын гоо бүсгүйн тэмцээний бэлтгэл ажилдаа орчихсон тун завгүй яваа тэдэнтэй бид уулзаж ярилцсан юм.

-Юуны өмнө урьдчилан шалгаруулалтанд орсон хоёр зуу гаруй охидоос шилдэг 15 т шалгарсан та хоёртоо баяр хүргэе.

-Баярлалаа

Манжуурын мисс тэмцээний эхний шатны шалгаруулалтад шилдэг аравт шалгарлаа. Энэхүү тэмцээний талаархи мэдээллийг хуваалцаач?

-Энэхүү тэмцээнд маань Орос, Хятад, Монгол гурван хөршийн найрамдлын тэмцээн. Азийн томоохон тэмцээнүүдийн нэг. Хятад, Монголоос тус бүр 15 охин, Оросоос 30, нийлээд 60 охин энэ тэмцээнд ороцдог. Зургаан жилийн мөнөөс Монголдоо шалгаруулалт хийдэг болсон. Яг өмнөх жилээс үндэсний хэмжээний шоу болгосон.Тэмцээн зохиогдож эхлээд 14дэх жилдээ болж байна.

-Нийт хичнээн охид оролцсон бэ? шалгаруулалтыг хэрхэн хийв?

-Энхний шатанд 200 гаруй охид өрсөлдсөн. Хоёрдугаар шатанд 60 охин тэнцээд тэрнээсээ 40, 30 болж шигшигдээд албан ёсны тэмцээндээ 26 охин оролцсон. Түүнээсээ шилдэг 15-ыг шалгаруулсан..

-Шилдэгт шалгарах охидод шүүгчдийн зүгээс ямар шаардлага тавьж байв?, бусад охидоос юугаараа илүү байж чадсан бэ?

-Эхлээд биднээс ярилцлага  авч, олон өнцгөөс зураг авсан. Хоёр дахь шатанд нь усны хувцастай алхуулж мөн ярилцлага авсан.Охидын дотоод сэтгэл, харилцааны соёл, ёс зүй болон алхааны техникийг үнэлж шалгаруулж байсан. Цаг баримтлахаас эхлээд хувь хүний зохион байгуулалтыг харсан. Эдгээр шаардлагуудыг хангаж чадсан учраас тэнцсэн гэж боддог.249A8898 -Тэмцээнд оролцогч охидуудыг хэрхэн дэмжиж байна?, бэлтгэл  хэр хангагдаж байна вэ?

Зохион байгуулагч “АРИУНГОО” төвийн зүгээс маш олон дэмжлэгийг үзүүлдэг. Ивээн тэтгэгчээр “Бишрэлт косметикс” ажиллаж байгаа. Алхааны багшаар Манжуурын Мисс тэмцээний өнгөрсөн жилийн ялагч ажилладаг. Бүх л зүйл бүрдсэн, бидэнд их анхаарал тавьж ажилладаг учраас сайхан санагддаг.

-Анх тэмцээнд оролцох саналыг хэн тавив? Мэдээллээ хаанаас авсан бэ?

Анх Отгонтэнгэр их сургууль дээр тэмцээнтэй холбоотой сурталчилгааны хуудсыг тарааж байхад нь авч танилцаж байсан. Оролцоод л үзэе гэж бодсоноос биш бид хоёр хоёулаа шилдэгт шалгарна гэж үнэхээр төсөөлөөгүй. Маш их баярлаж бас сандарч байсан. Анх мэдээллээ авчихаад зургаа авхуулахаар очихдоо олон танилуудтай болж, шинэ зүйлстэй их учирсан болохоор сайхан санагддаг шүү. Манжуурт очоод бас олон найзуудтай болох байх аа. Нэг сарын турш 26-лаа хамт бэлтгэл хийсэн болохоор охидуудыгаа их санадаг. Бид нар нэг нэгэндээ их сайн.

-Та хоёрын хувьд маш хариуцлагатай мэргэжлийг сонгон суралцаж байгаа. Яагаад энэхүү мэргэжилийг сонгох болсон бэ?

Х.Хишигжаргал: Багаасаа болох юмсан гэж хүсдэг байсан. Яг ерөнхий шалгалтын үеэр сонгох мэргэжил олдохгүй байсан. Гэтэл гэрийнхэн маань Отгонтэнгэрт ийм анги байдаг гэдгийг хэлж байсан. Сонсоод их баярлаж байлаа. Ер нь гэр бүл, ах эгч нартайгаа ярилцаж байгаад зөвшилцсөний үр дүнд мэргэжилээ сонгосон.

Т.Нацагдулам: Би Анагаахын Их Сургуульд орно гэж боддог байсан. Ийм анги нээгдсэнийг мэдээд яагаад ч юм ормоор санагдаад их татагдаж байсан. Аав минь ч гэсэн яг тэр үед зурагт үзэж байгаад “Миний охин ийм гоё анги байдаг болчихсон байна, чи орохгүй юм уу“ гэж билээ. Сургууль дээрээ ирээд ярилцлагаа өгөхөд бүх л юм нь таалагдсан.

-Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хэрхэн амжуулж байна?

Өмнөх сард өдөр бүр 14-18 цаг хүртэл бэлтгэлтэй байсан болохоор сүүлийн цагийн хичээлүүд дандаа тасардаг байсан. Гэхдээ сургуулиас албан ёсны чөлөө өгсөн юм. . Хичээлээсээ бага зэрэг хоцорсон ч багш нар, ангийнхныхаа хүчинд гайгүй давсан шүү. Одоо бол бэлтгэл арай бага байгаа. Тэмцээнд явахаас 14 хоногийн өмнөөс шахуу хувиартай бэлдэнэ.

-Хичээлүүд нь таалагдаж байна уу? Ямар сэтгэгдэлтэй байна?

Мэргэжилийн хичээлүүд ороод эхэлчихсэн болохоор үнэхээр гоё байгаа. Сая хүртэл бид хоёр зангиагаа хэрхэн зүүх, хувцасаа хэрхэн цэгцтэй зөв өмсөх зэрэг хичээлүүдэд суучихаад ирлээ. Цаанаасаа нэг л гоё догдлоод, сайхан мэдрэмж төрөөд байгаа. Цаашлаад ур чадварын хичээлүүд ороод ирэхээр бүр илүү гоё байх байх аа. 249A8885-Сургуулийн зүгээс ямар дэмжлэгийг үзүүлж байна?

Сургуулийн зүгээс ингэж их дэмжихэд нь үнэхээр их баярласан. Захирлууд баяр хүргээд гар барихад нь сайхан санагдаж байсан. Бүгд баяр хүргээд хичээлүүдийг минь хүртэл зохицуулж өгдөг болохоор бэлтгэл дээрээ очоод охидууддаа гайхуулдаг. Бусад охидууд бид хоёрт их атаархдаг шүү. “Ямар гоё ём бэ, манай сургууль болохоор биднийг дэмжддэггүй наад тэмцээн чинь юунд хэрэгтэй юм гэж хүртэл хэлдэг“, “бараг л сургуулиасаа хөөгдөх шахдаг“ гэж ярихыг нь сонсоод сургуулийхандаа үнэхээр их баярласан.  Тэгээд л манай захирал бид нарыг их дэмждэг гээд л хажуунаас нь улам онгирдог гээч.

-Тэмцээнд оролцоход ямар хүндрэлүүд тулгарч байна?

Х.Хишигжаргал: Өмнө нь тэр болгон алхаад байдаггүй байсан болохоор энэ удаад их хэцүү санагдаж байсан. Шилдэгт шалгараад шагнал авсаны дараа маш их урам орж, хэцүү бүхэн байхгүй болчохсон юм шиг л санагдсан.

Т.Нацагдулам: Миний хувьд их ядарч байсан. Цаг барилтыг чанга бүртгэдэг болохоор өглөө босоод хичээлдээ ирчихээд бэлтгэлдээ хоцрохгүй очих хэцүү байсан. Ядарсандаа болоод даалгавараа хийхгүй байх, хичээлээ хоцрох зэрэг тохиолдлууд олон гарсан. Хичээл дээрээ хүртэл унтчихдаг байсан.

Та хоёрын хувьд анх удаа оролцож байгаа,  туршлага бага хэдий ч багагүй амжилт үзүүллээ. Бусад охидын хувьд хэр туршлагатай байна вэ?

-Бид хоёроос бусад нь бүгд туршлагатай, өмнө нь ийм тэмцээнүүдэд оролцож байсан охидууд олон байгаа. Бас бүгд ямар нэг агентлагтай гэрээт байдаг юм билээ. Бид хоёрыг туршлагагүй ч гэсэн сайжирч байна гэж их хэлдэг.

-Эцсийн шатны шалгаруулалт хэзээ, хаана болох вэ?

-12 сарын 6-нд явна. Очоод бэлдэх зүйлс их байгаа. Өглөө үүрээр босдог. Нүүрээ байнга будагтай хөөрхөн байлгах ёстой учраас байнга л сайхан  харагдахыг хичээнэ дээ. Яг 16 шагналтай. Шилдэг 10 охидыг шалгаруулаад зургаан номинацид шалгаруулна. Бас сошиал санал асуулга ч байгаа. Явц дундаа дүгнэлт, шалгалт их хийдэг. Жишээ нь зурагчин зургаа авч байхдаа үнэлэлт дүгнэлт хийж байдаг. Харилцааны соёл, нүүрний будаг, биеэ авч яваа байдал зэргийг явцдаа ажиглаж байдаг гэсэн болохоор их сандарч байгаа шүү.

-Та хоёртоо баярлалаа. Тэмцээнд нь өндөр амжилт хүсье! Отгонтэнгэр Их сургуулийн нийт багш нар, оюутан залуучууд, ах дүү найз нөхөд чинь үргэлж дэмжиж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.

-Баярлалаа. Бид хоёр та нарынхаа итгэл найдварыг алдалгүй маш их хичээж,  амжилттай оролцох болно оо. Хамгийн гол нь эх орноо төлөөлөн оролцож байгаа гэдгээ их ухамсарласан. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Тэгэхээр эх орныхоо, эцэг эхийнхээ, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөх болно.  Бидэнд бас сошиал санал асуулга их хэрэгтэй юм билээ. Ард минь ийм мундаг хүч байгаа болохоор их зориг орж байна. Баярлалаа та нартаа.