ОТИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн үе үеийн төгсөгчид нэгэн оройг хамтдаа өнгөрүүллээ.
Сэтгүүлзүйн төгсөгчидийн холбоо, ОТИС-ийн сэтгүүлзүйн тэнхимтэй хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтанд 1998 оноос хойших бүх төгсөлтийн төлөөлөл ирсэн бөгөөд оюутан насныхаа дурсамж дүүрэн нэгэн оройг хамтдаа өнгөрүүллээ. Өнгөрсөн хугацаанд нийт 15 удаагийн төгсөлтөөр 328 оюутан төгссөн бөгөөд энэ удаагийн уулзалтанд зуу гаруй төгсөгч хүрэлцэн ирсэн.

18423106_459122677762902_6058929035296418733_o18451533_459124504429386_5147932779460696767_o

Уулзалтын эхний хэсэгт төгсөгчидийг оюутан насных нь дурсамжаар аялуулсан юм. Олон жилийн өмнөх зургийн цомог, ангийн андуудын хөгжилтэй бичлэгүүдээ үзсэн төгсөгчид инээд хөөр, хөнгөн гуниг дүүрэн энэ мөчийг өнгөрүүлсэн. Хорин жилийн өмнөх Б.Галиндэв багшийн хичээл заах төрхийг 1994 оны сэтгүүлзүйн анхны элсэгчид өдийг хүртэл хадгалжээ. Галя багшийгаа харсан сэтгүүлчид халуун алга ташилтаар баяр хөөрөө хуваалцсан юм.
Хоёрдугаар хэсэгт өнөөгийн сэтгүүлзүйн салбар тэр дундаа ХМХ-үүдийн тухай төгсөгчидийн төлөөллийн хэлэлцүүлэг байлаа. Салбар бүрийн төлөөлөгчид ХМХ-ийн өмнө тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл сэдвээр хэлэлцүүлэгт оролцсон юм. Ийгл телевизийн мэдээнийн албаны дарга Н.Баасандамба, Medee.mn сайтын сэтгүүлч У.Уранцэцэг, МҮОНР-ийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Э.Одбаяр, “Соронз” сэтгүүлийн захирал З.Задьхүү, “Монголын үнэн” сонины улс төрийн албаны дарга М.Өнөржаргал нар энэхүү хэлэлцүүлгийг удирдан явуулсан.

18489454_459124291096074_2613659366247237624_o18518180_459124361096067_1426004028939083698_o

Хэдийгээр оройн 22 цаг хүрсэн ч төгсөгчидийн уулзалт баяр хөөрөөр дүүрэн үргэлжилсээр. Төгсгөлийн гуравдугаар хэсэгт төгсөгчидийн холбоо цаашид хэрхэн ажиллах, бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудлыг хэлэлцлээ. Төгсөгчидийн холбооны дарга, “Гарааны бизнес” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Ц.Энхбулган сургуультайгаа эргэх холбоотой байж, одоо суралцаж байгаа хийгээд шинэ төгсөгчидийг дагалдуулан “гарын шавь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсоныг дуулгахад төгсөгчид нэгэн дуугаар дэмжсэн юм. Мөн жил бүрийн 9 сарын сүүлийн долоо хоногт спортын өдөрлөг хийх, ОТИС-ийн Сэтгүүлзүйн салбарын оюутнуудын “Би Ертөнц” наадмыг төгсөгчидийн нэрэмжит болгох, нийт төгсөгчидийн уулзалтыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж байхаар тогтлоо. Мөн төгсөгчидийн холбооны даргаар “Гарааны бизнес” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Ц.Энхбулган, нарийн бичгийн даргаар С1 телевизийн сэтгүүлч Даваасүрэнг улируулан сонгосон. Тэргүүлэгч гишүүдээр Ийгл телевизийн мэдээний албаны дарга Н.Баасандамба, Монголын Мэдээ сувгийн редактор Х.Эрдэнэбулган, Санхүүгийн зохицуулах хороон ХМА-ны мэргэжилтэн Г.Болортунгалаг, ОТИС-ийн багш Д.Оюунбат, medee.mn сайтын сэтгүүлч У.Уранцэцэг, БОАЖЯ-ны хэвлэлийн төлөөлөгч А.Цэдэнсодном нар ирэх дөрвөн жилд ажиллахаар боллоо.
Ирэх жилийн наадам хол байна даа гэдэг шиг төгсөгчид минь спортын наадмаар уулзацгаая хэмээгээд хоргодон хоргодон явцгаалаа. Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн яваа “Ган үзэгтнүүд”-дээ амжилт бүхний дээдийг эрхэм багш нар нь хүсэн ерөөсөөр үлдлээ.