Ректорын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 193 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл

  • Энэхүү дүрэм нь байгууллагын болон сургуулийн хамт олноос эрхэмлэх үнэт зүйлсэд тулгуурлан үйл ажиллагаандаа баримтлах ёс суртахууны зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож, зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэх, сургууль, багшийн нэр төрийг хамгаалж ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж хэвшүүлэх, зорилгыг хангахад оршино.
  • Отгонтэнгэр их сургуулийн хамт олны эрхэмлэх ёс суртахууны үнэт зүйлс нь:
    • хүний эрх, эрх чөлөө
    • хүний нэр төр, алдар хүнд
    • хүнлэг энэрэнгүй чанар
    • шударга ёс, ажил хэрэгч чанар
    • адил тэгш хандлага, харилцаа зэрэг болно
  • Отгонтэнгэр их сургуулийн хамт олны баримтлах ёс зүйн нийтлэг зарчим нь:
    • хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах
    • хууль дээдлэх
    • ажил үүргээ хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, албандаа хүндэтгэлтэй хандах
    • хүнлэг энэрэнгүй байх, соёлч боловсон харилцааг эрхэмлэх
    • шударга ёсыг баримтлан, өндөр сахилга, ёс суртахуунтай байх
    • төлөв, түвшин байх
    • эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх

Хоёр: Нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ

    • Хүнийг үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, гадаад үзэмж, намын харъяалал, үзэл бодлоор нь хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, адил тэгш хандах
    • Аливаа зүйлд үнэнч шударга, зарчимч, ил тод, бодитой, хүлээцтэй хариуцлагатай хандах,
    • Ёс суртахууныг эрхэмлэж биеэ төлөв түвшин авч явах, бусадтай эелдэг боловсон, хүндэлж харьцах
    • Отгонтэнгэр их сургуулийн дүрэм, дотоод журам болон бусад холбогдох дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүрэг, мөн өөрт нь хариуцуулан өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь нягт нямбай, мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэх
    • Эрдэм мэдлэг, оюунлаг зүйлсийг эрхэмлэж бусаддаа үлгэр дуурайл болох
    • Сургуулийн өмч хөрөнгө болон нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг цэвэр, цэмцгэр хэрэглэж, гамтай, арвич хямгач хандах
    • Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж бусдын хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж хувийн нууцыг хадгалах

Гурав: Суралцагчийн ёс зүйн хэм хэмжээ

    • Оюутан, суралцагчийн дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээ
      • сургуулийн дүрэм, дотоод журам, ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хууль, дүрэм журмыг уншиж судлан чанд дагаж мөрдөх
      • эрдэм мэдлэг, оюунлаг байдлыг эрхэмлэж цаг ямагт өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа тасралтгүй дээшлүүлэх
      • багш, ажилтан, бусад суралцагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авах, алдаа дутагдлаа засах
      • хичээлийн хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу сургалтын ажиллагаанд идэвхитэй оролцох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээлээс хоцрохгүй, таслахгүй байх, хичээлийн дундуур орж, гарч үймүүлэхгүй байх зэргээр сургалт хүмүүжлийн ажил болон бусдад хүндэтгэлтэй хандах
      • сургуулийн өмч хөрөнгийг ариг гамтай, зориулалтын дагуу зөв зохистой ашиглах
      • бусдыг хүндэлж соёлтой харьцах, мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэн дээдлэх
      • зөв боловсон хувцаслах
    • Дараах тохиолдолд суралцагчийг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож хариуцлага хүлээлгэнэ
      • хүндэтгэн үзэх шаалтгаангүйгээр хичээл таслах, зүй бус үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор худал ярих, хуурамч бичиг баримт бүрдүүлэх
      • бусдын өмчлөлийн зүйлийг хулгайлах, дур мэдэн авч ашиглах
      • хичээлийн цагаар орж гарах, утсаар ярих, бохь зажлах, хөгжим сонсох, тогтлоом тоглох, унтах, ярих, интернэт ашиглах зэргээр сургалтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг хэл амаар доромжлох, гүтгэх, дарамтлах, хүч хэрэглэх
      • бусдыг хуурч мэхлэх, худал цуурхал тараах, хувь хүний хувийн нууцыг тараах, задлах
      • шалгалтын журам зөрчих, шалгалтын явцад бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл авах, шалгалтын болон сургалтын материалыг хуулах, нуун дарагдуулах, өөрчлөх, хориглосон тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглах, бусдын өмнөөс шалгалт өгөх болон бусдыг өөрийн өмнөөс шалгалтанд оруулах
      • бусдын ажлыг хуулах замаар эсвэл өөр хичээл дээр үнэлгээ авсан даалгаварыг дахин үнэлүүлж оноо авах
      • бие даалтын болон курсын ажил, эрдэм шинжилгээний ажил хийх явцдаа бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, зохиогчийн нэр, ашигласан материал, эх сурвалж зэргийг дурдахгүй орхих, бусдын санааг өөрийн болгож бичих, хэвлэх, нийтлэх, нийтэд түгээх
      • багш, ажилтан, бусад суралцагсад, иргэдтэй зүй бус харьцах, үг хэлээр доромжлох, үл хүндэтгэх
      • сургуулийн байранд хэт бариу эсвэл хэт задгай, этгээд гажуу хувцаслаж ирэх
      • сургуулийн орчинд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хутга мэс, бусад зүйлсийг зэвсгийн чанартайгаар биедээ авч явах, хадгалах
      • сургуулийн орчинд хөзөр, даалуу, компьютерийн тоглоом гэх мэт мөрийтэй тоглоом тоглох, хэт чанга дуу авиа үүсгэх
      • зохион байгуулалттай аливаа арга хэмжээний үеэр эсрэг багийнхантай муудалцах, хэрүүл зодоон үүсгэх, хонзогнох, хэл амаар доромжлох зэргээр зохисгүй үйлдэл гаргах
      • Дөрөв: Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах байгууллага, албан тушаалтан

          • Сургуулийн хэмжээнд оюутны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг дараах удирдах ажилтан, байгууллага хангаж, хяналт тавьж ажиллана. Үүнд:
            • ректор
            • сургалтын алба
            • бүтцийн сургуулийн захирал
            • мэргэжлийн тэнхим
          • Ёс зүйн дүрмийн хэрэгжилт дэх Ректорын үүрэг
            • сургуулийн ёс зүйн дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт, засвар оруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой чиглэл, удирдамж өгөх, сургуулийн төлөвлөгөө, төсөвт тусгах, хяналт тавих
            • ёс зүйн зөрчил гаргагчид сахилга, хариуцлагын шийтгэл ногдуулах эсэхийг холбогдох дүрэм, журмыг баримтлан шийдвэрлэх, санал гаргах, хэлэлцүүлэх
            • ёс зүйн зөрчил гаргагчид ногдуулах шийтгэлийг тогтоох, санал гаргах
            • суралцагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоосон салбар сургуулийн захирлын анхан шатны санал, дүгнэлтийг хянан хэлэлцэж холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд нягтлан магадлах, дүгнэлт гаргах
          • Оюутны ёс зүйн дүрмийн хэрэгжилт дэх сургалтын албаны үүрэг
            • оюутны ёс зүйн дүрмийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар сургуулийн захиргаанд санал оруулах, зөвлөх, албан шаардлага тавих
            • оюутны ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаархи асуудлыг бүтцийн сургуулийн захирлын санал болгосны дагуу хянан хэлэлцэх, шийдвэрлэх
            • ёс зүйн зөрчил гаргагчид ногдуулах хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд санал гаргах
          • Ёс зүйн дүрмийн хэрэгжилт дэх бүтцийн сургуулийн захирал, мэргэжлийн тэнхимийн үүрэг
            • оюутны ёс зүйн болон ёс суртахууны зөрчил гаргасан тухай санал, гомдол, мэдээлэл, баримтыг хүлээн авах, асуудлыг шийдвэрлэх
            • оюутны ёс зүйн зөрчил гаргасан тухай санал, гомдлыг бүтцийн сургуулийн багш нарын хурлаар авч хэлэлцэх, шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх
            • ёс зүйн зөрчил гаргасан оюутанд шийтгэл ногдуулах талаар Сургалтын алба болон Ректорт санал оруулах, шийтгэлийн асуудлаар санал гаргах

        Тав. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт

          • Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хор уршиг, хохирлын хэр хэмжээг харгалзан дараах шийтгэлийг ногдуулна. Үүнд:
            • оюутан, суралцагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд дараах шийтгэлийг ногдуулна. Ингэхдээ Боловсролын тухай хууль, Суралцагчийн гэрээ, Отгонтэнгэр их сургуулийн дүрэм,  дотоод  журам болон энэхүү ёс зүйн дүрмийг удирдлага болгоно.
              • сануулна
              • бүтцийн сургуулийн болон мэргэжлийн тэнхимийн хурлаар асуудлыг авч хэлэлцэнэ
              • хоёр буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасан буюу ноцтой зөрчил гаргасан оюутанг сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авна.