РЕКТОРЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүмүүн бидний нийгэмд эзлэх байр суурь, хүлээн зөвшөөрөгдөх үнэлэмжийг мэдлэг мэдээлэл тодорхойлдог болсон эрин үе – XXI зууны эхлэл цаг дор сургалт, судалгааны ажил эрхэлж буй Отгонтэнгэр их сургуулийн профессор багш нар, ажилтан, ажилчид, үе үеийн оюутан суралцагчдаа төлөөлөн мэндчилж байна.

Нийгэм, хувь хүний хөгжил дэвшилд дээд боловсролын нэмэр хандив, боломж, үнэ цэнэ өгч буй энэ цагийн охид хөвгүүд, суралцагсад та бүхнийг даяаршиж буй хүний ертөнцөд оюуны шандасаа сорьж өнөөдрийн эзэмшсэн эрдэм боловсролоо угтах ирээдүйд эрх мэдэл, нэр хүнд, мөнгө хөрөнгө болгон хувиргаж өрх гэрийнхээ аз жаргалыг бүтээх зам мөрийг тань гэрэлтүүлэхээр Отгонтэнгэр их сургууль таньтай хамтран ажиллаж номын цагаан буян дэлгэрүүлэх их үйлсийг бүтээлцэж байгаадаа баяртай байна.

Эрин цагийн бие эрүүл, ухаан цэцэн саруул, сэтгэл эерүү зөөлөн, хичээл зүтгэл нөр их Монгол иргэнийг эрдэмжүүлэн сургаж, өөрийгөө нээж өрөөлийг хурцалж амьдрах таньд чадамжийн боловсрол олгох оюуны зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлэгч нь байхын төлөө манай хамт олон чармайн ажиллах болно.

Өмнөх үеийнхний хурааж хуримтлуулсан эрдмийн их сан хөмрөгөөс хичээнгүйлэн суралцаж өнөө цагийн шинэ санаа олж нээлт хийх та бидний эрэл хайгуул өлзийтэй байх болтугай.

 

РЕКТОР Доктор Н. Энхзаяа