Түүхэн товчоо

1991-1992 он. Д. Оюунхоролын хувийн дээд сургууль нэртэйгээр 1991 оны 11 дүгээр сарын 26–нд Боловсролын сайдын тушаалаар байгуулагдаж, англи, герман, хятад франц, япон хэлний ангийн 187 оюутан, 7 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлүүлсэн.

1992-1993 он: Японы гэгээрлийн яам, Монгол улсын шинжлэх ухаан боловсролын яамнаас хамтран зохион байгуулсан япон хэлний тэмцээнд оюутан Бадамсүрэн түрүүлж япон улсад 1 жил суралцах эрхээр шагнуулсан.

1993-1994 он: Орос, испани хэлний багш-орчуулагчийн анги шинээр нээв. “Япон хэлний ханзыг хэн сайн бичих вэ? “уралдаанд япон хэлний ангийн оюутан Х.Ганбаатар тэргүүлэн япон улсад жуулчлах эрхээр шагнагдаж, удаах гурван байрыг тус сургуулийн оюутнууд эзлэв.

1994-1995 он: Отгонтэнгэр дээд сургуулийн анхны төгсөлтийг хийж улс эх орондоо 101 мэргэжилтэй боловсон хүчин шинээр бэлтгэж өглөө.

1995- 1996 он: Сургууль тэнхимийн зохион байгуулалтанд орж англи, орос хэлний тэнхим, дорно дахины хэлний тэнхим, роман-герман хэлний тэнхим, эрх зүйн тэнхим гэсэн дөрвөн тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.

1996-1997 он: Англи, орос хэлний тэнхим англи хэлний, Дорно дахины хэлний тэнхим Ерөнхий эрдмийн тэнхим болж зохион байгуулалтанд оров. ХБНГУ–аас тус улсад суугаа элчин сайдын яам, “Герман хэлний нөхөд” нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Герман хэлийг хэн сайн вэ?” цомын төлөө “Оюутны цом” мэдлэг, чадварын уралдаанд герман хэлний III ангийн оюутнууд тэргүүн байр эзэлж, цомын эзэд боллоо. Багш бэлтгэж байгаа Их, Дээд сургуулиудын багш нарын дунд зохиогдсон ажил мэргэжлийн улсын уралдаанд Отгонтэнгэр дээд сургуулийн багш нарын баг тэргүүлсэн нь сургуулийн багш нарын бүрэлдэхүүний чанарыг илтгэсэн үзүүлэлт боллоо. Японы Гэгээрлийн Яам, Монгол улсын Гэгээрлийн яамнаас хамтран зохион байгуулсан Япон хэлний тэмцээнд тус сургуулийн япон хэлний 3 ангийн оюутан Ц. Батболд, Цэрэнчимэд нар амжилттай оролцон Япон улсад 1 жилийн хугацаатай суралцах эрхээр шагнуулсан .

1997-1998 он: Япон хэлний 4 ангийн оюутан Боргилмаа “Япон хэлээр хэн сайн ярих вэ?” уралдаанд 2-р байр эзлэв. Тэнхимийн үйл ажиллагаа сурталчилах сарын аяныг сургуулийн хэмжээнд зохион байгуулах санаачлагыг Роман-герман хэлний тэнхим гарган, аяныг зохион байгуулав. Герман хэлний III ангийн оюутнууд Монголын үндэсний телевизийн захиалгаар “Шуурган дундах бамбар” телевизийн олон ангит уран сайхны киног орчуулж нийтийн хүртээл болгов.

1998-1999 он: Багшлах боловсон хүчнийг бэхжүүлэхэд ихэд анхаарч шинээр залуу мэргэжилтэнг багшаар авч орон тооны 45 багштай болов. ЭМНХЯ-ны харъяа Хүүхэд, залуучууд эмэгтэйчүүдийн газраас зарласан тендерт герман хэлний тэнхимийн төсөл шалгарч ХБНГУ-ын Бонн хотын АКО-ПРО семинарийн зуны хөтөлбөрийн хөтөч-орчуулагчаар ажиллав.

1999-2000 он: 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ОТИС-ийн салбар сургууль байгуулсантай холбогдуулан багш нарыг үечлэлээр 2 сарын хугацаагаар томилон ажиллуулж орон нутагт англи хэлний багш-орчуулагч, эрх зүйн бакалаврын сургалтыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

2000-2001 он: Герман хэлний багш Н.Энхтуяа БСШУЯ, МИДСК-ийн 2000 оны “Оны шилдэг багш”-аар шалгарч өргөмжлөл хүртэв. Сэтгүүлийн ангийн оюутан Ж.Оюунцэцэг “Глобальчлал” сэдэвт нийтлэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн. ХИС, ОТИС, Орхон их сургуулийн герман хэлний ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан мэдлэг, чадварын тэмцээнд манай оюутнууд тэргүүн байр эзлэв. Герман хэлний тэнхимийн хамт олон Медиотиек-ийн үйлчилгээг нэвтрүүлэв. Багш Б.Галиндэв “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлтийн онол, практикийн асуудал” сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалав. Тайваны ерөнхийлөгчийн зөвлөх асан Ли Цай Фан, Отгонтэнгэр Их сургуулийн зөвлөх багш Д.Чимэг “Хүндэт доктор, Швейцарийн Тургуа мужийн парламентийн гишүүн Анита Фарни, Хятадын элчин сайд асан Хуан Зинуй нарт “Хүндэт профессор” цол олгов.

2001-2002 он: Щвейцарийн соёлын төв, номын сан байгуулах төслийг хэрэгжүүлэв. (20000$ төсөл) “Явуугийн уул” яруу найргийн тэмцээнийг улсын хэмжээнд санаачлан зохион байгуулав. Японы Токио хотын парламентийн дарга Тошияа Мита, профессор Сэцу Кобаяши нар “Хүндэт доктор” цол олгов.

2002-2003 он: Улаанбаатар хотын их, дээд сургуулийн оюутнуудын дунд явуулсан “Парламентийн мэтгэлцээн”-д герман хэлний II ангийн оюутан Г.Солонго, ААЭЗ-ийн II ангийн оюутан П.Очирбал нар тэргүүн байр эзэлж цомын эзэд болсон. Герман хэлний тэнхим ХИС, УБИС, СУИС, АУИС, Соёл судлалын хүрээлэн, ОТИС-ийн багш судлаачдын хамтарсан “Соёл судлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

2003-2004 он: Багш Б.Галиндэв Монгол чөлөөт сэтгүүлчдийн холбооны “Хэвлэлд ээлтэй хүн” өргөмжлөл хүртэв. Англи хэлний тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D/, профессор Д.Чимэг, багш Б.Галиндэв нарын сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг төр үнэлж “Алтан гадас” одонгоор шагнав. Багш Ц.Түмэндэмбэрэл “Монголын нууц товчооны хэлцийн судалгаа” сэдвээр бололвсролын докторын зэрэг хамгаалав. МУИС, МХХ-тэй хамтран “Сэтгүүл зүйн анхдугаар симпозиум зохион байгуулав.

2005-2006 он: Отгонтэнгэр их сургууль Хүмүүнлэг, Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль, Хуулийн сургууль гэсэн бүтцийн гурван сургуультай болж солонгос хэлний орчуулагч-багшийн анги шинээр нээгдэв. Японы Дайто Бунко их сургуулийн профессор Тошибуми Кариядод Отгонтэнгэр их сургуулийн “Хүндэт профессор”, Японы Сока Их Сургуулийг үүсгэн байгуулагч Дайсаку Икедад “Хүндэт доктор” цол олгов. Багш Ч.Соёлмаа “Орчин цагийн Монгол хэлний ижил бүтээвэр үүссэн зүй тогтол” сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалав. Тус сургууль дээр Солонгосын /IYF/ Олон улсын оюутны холбооны салбар байгуулагдав. БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын оюутны чуулга уулзалтанд солонгос хэлний багш Х.Эрдэнэцэцэг ОТИС-ийн 9 оюутныг удирдан оролцов. БНСУ-ын ерөнхийлөгч Ну Мү Хёны урилгаар солонгос хэлний 1-р ангийн онц сурлагатан В.Золзаяа БНСУ-д 14 хоногийн семинарт хамрагдав. Сургалтын аудио, видео, лингафоны кабинетууд байгуулагдав.

2007-2008 он: “Оюутан радио”, “Теле студи” ашиглалтанд оров. Монголын үндэсний хувцасны академийн хандиваар “Үндэсний гоёл-Угсаатны гоёл” кабинетийг байгуулсан. Багш Б.Одгэрэл “Эврика” эрдэм шинжилгээний бага хуралд оролцож “Тэргүүн” байрт шалгарав.

2008-2009 он: Японы Комозава охидын сургуультай зайн сургалт явуулах “Интернет-ТВ” шугам суурилуулж графикийн дагуу телемостын хичээлийг явуулж эхэллээ. Тайваний Минь Чуаны их сургуулийн хөрөнгө оруулалтаар “Тайваний боловсролын төв” байгуулан оюутан солилцоогоор бакалавр, магистрын сургалт эхэллээ. ОТИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Г.Жаргалсайхан “Формирование терминологи растениеводства и земледелия в соверменном монгольском языке” сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалав. Далив хутагт Данзанламид Эрдэнэ Баасан Омбадиков тус сургуулийн “Хүндэт доктор”, “Монгол костюмс” ХХК-ын дарга Б.Байгалмаа “Хүндэт профессор” болов. Мульт медиа сургалтын кабинет байгуулав.

2009-2010 он: Англи хэлний тэнхимийн багш нар Мянганы сорилын сантай хамтран “Уул уурхайн болон барилгын салбарын сургагч багш нарыг бэлтгэх англи хэлний эрчимжүүлсэн сургалт” төслийг амжилттай хэрэгжүүлэв.

2010-2011 он: Тайваний Мин Чуаны их сургуультай хамтран “Хятад хэлний заах арга” форум болон хятад хэлний уран илтгэлийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай боллоо. Боловсрол судлалын магистр, докторын анги, улс төр судлалын эчнээ анги шинээр нээлээ.

Тайванийн Мин Чуаны их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ өргөжүүлэн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлж жил бүр 5 оюутан Тайваньд суралцуулахаар боллоо. Солонгосын Конгжугийн их сургуульд 2 оюутан оюутан солилцоогоор амжилттай суралцаад ирсэн.

Япон хэлний орчуулагч-багшийн ангийн оюутан Т.Гуамарал Голомт банкны тэтгэлэгт шалгарав.

Отгонтэнгэр Их Сургуулийн сагсан бөмбөгийн баг “TLG-13” төрийн бус байгууллага, “М-Си-Эс Кока Кола” компанитай хамтран зохион байгуулдаг “Сонирхогчдын “Спрайт Б лиг”-ийн анхны аварга багаар шалгарав. Тус сургууль МҮХАҮТ-ын “Excellence in Education sector”, МХИДСХ-ны “Шилдэг Их Сургууль”-аар шалгарав.

Тайваний Мин Чуаны их сургуультай хамтарсан зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов. Тус сургуулийн багш нар Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх зуны сургалтанд хамрагдав.

Улс төр судлалын магистрын анги, СӨНХБ өдөр, эчнээн анги  шинээр нээлээ.