ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төгсөгчдийн холбоо нь /цаашид “Холбоо” гэх/ Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдөөс бүрдсэн, тэдгээрийн байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашиг сонирхлыг нь хамгаалах зорилго бүхий хамтын удирдлагын сайн дурын үүсгэл санаачлагын олон нийтийн байгууллага мөн.
1.2. Холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байна
1.3. Отгонтэнгэр их сургуулийг төгсөгч бүхэн төгсөгчдийн холбооны гишүүн байна.
1.4. Холбоо нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүний дагуу гарсан бусад хууль, Олон нийтийн байгууллагын тухай хуулийг удирдлага болгоно

Хоёр. Төгсөгчдийн холбооны бүтэц зохион байгуулалт

2.1. Холбооны удирдах дээд байгууллага нь холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал байна
2.2. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.
2.3. Холбоог Ерөнхийлөгч удирдана.

Гурав. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал

3.1. Отгонтэнгэр Их сургуулийн мэргэжлийн салбар бүрийг төгсөгчдөөс 20-оос доошгүй хүнийг оролцуулан холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаагаа явуулна. Бүх гишүүд төлөөлөгчдийн хурлыг холбооны гишүүдийн санаачилгаар байгуулна.
3.2. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал 2 жилд 1 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд Ерөнхийлөгчийн буюу Холбооны тэргүүлэгчдийн 2/3-ын санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
3.3. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээ: Төлөөлөгчдийн хурал нь дор дурьдсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэнэ. Үүнд:
3.3.1. холбооны ажлын төлөвлөгөөг боловсруулах тайланг гаргах
3.3.2. холбооны дүрэм, түүнд оруулах өөрчлөлтийг хэлэлцэн батлах
3.3.3. гишүүдийн жилийн татварын хэмжээг тогтоох
3.3.4. холбооны үйл ажиллагааны санхүүжилт болон цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
3.4. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол, удирдамж, уриалга гаргана.
3.5. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд ердийн олонхи оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.
3.6. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон холбооны гишүүдийн ердийн олонхийн санал авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагчийн талын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Дөрөв. Холбооны тэргүүлэгчдийн хурал

4.1. Төгсөгчдийн Холбооны тэргүүлэгчид нь 27-35 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.2. Тэргүүлэгчдийг Холбооны Ерөнхийлөгч удирдана.
4.3. Холбооны тэргүүлэгчдийг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно
4.4. Холбооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох зайлшгүй шаардлага гарвал Холбооны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн төлөөллийн харьцааг баримтлан тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж сонгох ба дараа нь бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан баталгаажуулна. Нөхөн сонгогдсон тэргүүлэгчдийн бүрэн эрх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар хэрэгжинэ.
4.5. Тэргүүлэгчид нь доорхи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.5.1. төгсөгчдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
4.5.2. төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, салбар бүрээс сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтоож, хурал хуралдахаас 30 хоногийн өмнө гишүүдэд зарлан бэлтгэл ажлыг хангах.
4.5.3. холбооны үйл ажиллагаанд холбогдох удирдамж, зааврыг батлан гаргах.
4.5.4. гишүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх.
4.5.5. холбооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөх тухай асуудлыг боловсруулж бүх гишүүдийн төлөөлөгчдийн хуралд оруулах.
4.5.6. холбооны үйл ажиллагааны төсвийг зохистой хувиарлах.
4.5.7. төгсөгчдийн холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс гаргах асуудлыг хэлэлцэн ерөнхийлөгчид санал оруулах.
4.5.8. тэргүүлэгч тус бүрийн эрхлэх ажил үүргийн хуваарийг батлах.
4.5.9. гишүүний татвар төлөлтийн байдалд хяналт тавих, шаардлага гаргах.
4.5.10. холбооны гишүүдийг төр, засгийн болон бусад шагналд тодорхойлох.
4.5.11. холбооны гишүүдийн гомдол, өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ба холбогдох байгууллагад уламжлах.
4.6. Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
4.7. Тэргүүлэгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн ердийн олонхийн саналаар шийдвэрлэж байна.
4.8. Тэргүүлэгчдийн хуралд тэргүүлэгчдийн 50-аас дээш хувь нь ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд асуудлыг хуралд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4.9. Тэргүүлэгчдийн хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана.
4.10. Холбооны Ерөнхийлөгч нь дараах эрх үүрэгтэй байна.
4.10.1. гадаад дотоод үйл ажиллагаанд холбоог төлөөлөх бүрэн эрхтэй байна.
4.10.2. холбооны тэргүүлэгчдийн ажлыг удирдан зохион байгуулна.
4.10.3. тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавина.
4.10.4. тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулан хуралдуулж хурал даргална.
4.10.5. холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар тэргүүлэгчдийн хуралд санал оруулна.
4.10.6. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал, бусад материалыг хянан шалган тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
4.10.7. холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад нэгдүгээр гарын үсэг зурна.
4.10.8. Ерөнхийлөгч нь эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргана.

Тав. Холбооны гишүүдийн эрх үүрэг

5.1. Гишүүд нь дараах эрхтэй байна. Үүнд:
5.1.1. холбооны гишүүд тэргүүлэгчдийг сонгох болон өөрөө сонгогдох
5.1.2. холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал хүсэлт гомдлоо Ерөнхийлөгчид болон тэргүүлэгчдийн хуралд тавих, түүнийг хэлэлцэхэд оролцох, хариу шаардах
5.1.3. холбооны ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон гишүүдийн үйл ажиллагааг шүүмжлэх
5.1.4. мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар хүсэлтийг тэргүүлэгчдийн хуралд гаргах, зохих хөнгөлөлт эдлүүлэх
5.1.5. ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх болон бусад ашиг сонирхлоо хамгаалах асуудлаар хүсэлт гаргах.
5.2. Гишүүд нь дараах үүрэгтэй байна. Үүнд:
5.2.1. тэргүүлэгчдийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
5.2.2. дүрэмд заасны дагуу жилд нэг удаа гишүүний татварыг төлөх.
5.2.3. холбооноос явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

Зургаа. Холбооны санхүүжилт

6.1. Холбооны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.
6.1.1. гишүүний татвар, хандив
6.1.2. иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив.
6.2. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна
6.3. Холбооны Ерөнхийлөгч, тэргүүлэгчид холбооны хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Долоо. Холбоонд гишүүнээр элсэх

7.1. Отгонтэнгэр Их сургуулийг өдөр, орой, эчнээ аль ч хэлбэрээр төгссөн төгсөгчид холбооны гишүүн байж болно.
7.2. Төгсөгчид нь гишүүнээр элсэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд :
7.2.1. гишүүнээр элсэх өргөдөл
7.2.2. 2 хувь цээж зураг
7.2.3. тус сургуулийг төгссөн дипломын хуулбар
7.2.4. элсэлтийн хураамж 1000 төгрөг
7.3. Гишүүнээр элсэх хүсэлт гаргасан хүнийг бүртгэж, гишүүний үнэмлэх олгоно.

Найм. Гишүүнийг бүртгэлээс хасах

8.1. Гишүүнчлэлээс хасагдах өргөдлөө гаргасан бол
8.2. Гишүүний татвараа 2 жил дараалан төлөөгүй тохиолдолд
8.3. Нас нөгчсөн

Ес. Холбооны гишүүдийн шагнал урамшил, оногдуулах шийтгэл

9.1. Гишүүний үүргээ хариуцлагатай сайн биелүүлдэг гишүүдийг дараахь хэлбэрээр шагнаж урамшуулна.
9.1.1. Отгонтэнгэр их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлын 50 хувийг хөнгөлөх
9.1.2. тус сургуулийн магистрантур, докторантурт элсэн суралцахад хөнгөлөлт үзүүлэх
9.1.3. тус сургуулиас зохион байгуулах соёлын арга хэмжээнд урилгаар оролцох
9.2. Холбооны дүрмийг зөрчсөн гишүүдэд дараах шийтгэл оногдуулах ба уг эрх нь тэргүүлэгчдийн хуралд олгогдоно.
9.2.1. сануулах
9.2.2. гишүүний эрхийг хасах шийтгэл оногдуулна