ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ-аас

Энэ журмаар тус сургуулийн зохих салбаруудад бакалаврын шатны сургалтын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Төгсөлтийн шалгалт
1.1. Төгсөлтийн шалгалтыг “Төгсөлтийн шалгалтын улсын комисс” зохион байгуулж явуулна. Уг комиссыг холбогдох мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргааны хамтарсан саналыг үндэслэн дараах байдлаар томилно. Үүнд:
1.1.1. хууль зүйн салбарын төгсөлтийн шалгалтын улсын комиссыг БСШУЯ-ны, ХЗДХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар
1.1.2. бусад салбарын төгсөлтийн шалгалтын комиссыг Отгонтэнгэр их сургуулийн тушаалаар тус тус томилно.
1.2. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн даргыг мэргэжлийн тэнхимийн багш нараас томилно.
1.3. Комисс нь нарийн бичгийн даргаас гадна 5-10 хүнтэй байх ба төгсөгчдийн тоо, шалгах хичээлийн тоо, онцлог зэргийг харгалзан бүрэлдэхүүний тоо, орлогч даргатай байх эсэхийг мэргэжлийн тэнхим ба захиргаа тогтоож болно.
1.4. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд тухайн мэргэжлийн голлох профессор багш нарыг оруулахаас гадна мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтныг оруулна.
1.5. Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 4-өөс хэтрэхгүй байх бөгөөд үүнд нэг нь дипломын ажил байж болно. Шалгалт нь мэргэжлийн хичээл тус бүрээр эсвэл ажил чиглэлийн хэд хэдэн хичээлийг багцлан нэгтгэх хэлбэрээр байж болно.
1.6. Мэргэжлийн тэнхимд тухайн хичээлийн жилд төгсөх оюутнуудаас бакалаврын төгсөлтийн дипломын ажил болгон гүйцэтгэж болох сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг хичээлийн жилийн эхэнд гарган оюутнуудад урьдчилан мэдэгдсэн байна. Оюутан сэдвээс сонголт хийвэл уг сэдвийг мэргэжлийн тэнхим хэлэлцэн зөвшөөрөл олгох бөгөөд удирдагч ба шүүмжлэгчийн талаар захиргаанд санал оруулж тушаалаар батлуулна.
1.7. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредитийн доод хязгаарыг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй. Шалгалтанд орох оюутны нэрс тус сургуулийн ректорын тушаалаар батлагдана.
1.8. Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, хөтөлбөрийг мэргэжлийн тэнхим холбогдох багш нараас боловсруулж шалгалт авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө оюутнуудад танилцуулна. Шалгалтанд зориулсан тойм лекцийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харъяалах тэнхмээс зохион байгуулна.

Гурав. Төгсөлтийн шалгалт авах ба төгсөх
2.1. Төгсөлтийн шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө сургуулийн захирлын тушаалаар батална. Дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалт болохоос 21-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох мэргэжлийн тэнхимийн нийт багш нарын оролцоотой хийлгэсэн байна. Урьдчилсан хамгаалалтад оюутан ажлын 1/2-с илүү хувийг биелүүлээгүй буюу дипломын ажлын шаардлага хангаагүй гэж үзвэл диплом хамгаалалтын ажлыг нэг жилээр хойшлуулж болно.
2.2. Төгсөлтийн шалгалтыг комиссын нийт гишүүдийн 2/3-с доошгүй ирцтэйгээр авна. Комиссын гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.
2.3. Төгсөлтийн шалгалт ба диплом хамгаалалтын журмыг комиссын дарга удирдана.
2.4. Төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг комиссын нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, үнэлгээ явуулах үед хаалттай явуулна. Үнэлгээг комиссын хурлын протокол гарсаны дараа өдөрт нь багтааж албан ёсоор мэдэгдэнэ.
2.5. Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэгийг А /90-ээс дээш/, В /80-аас дээш/, С /70-аас дээш/, D /60-с дээш/, F /60 хүртэл/ гэсэн үнэлгээгээр үнэлнэ.
2.6. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүд шалгалт өгч буй оюутан бүрийн үнэлгээг тус тусдаа тавьж, хамтран хэлэлцээд ерөнхий, дундаж үнэлгээг гаргана.
2.7. Төгсөлтийн шалгалтнаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон буюу 1 шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилд уг шалгалтыг нөхөх буюу дахин өгч болно.
2.8. Хоёр ба түүнээс дээш тооны төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан хүмүүсийг төгсөлтийн шалгалтанд дахин оруулахгүй.
2.9. Төгсөлтийн шалгалтанд “F” гэсэн үнэлгээ авсан оюутанд тус сургуулийн тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийг бүрэн сонссон болохыг гэрчилсэн үнэмлэх олгоно.
2.10. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комисс “мэргэжил, цол, зэрэг” олгох тусгай тогтоол гарган түүнийг үндэслэн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.
2.11. Төгсөлтийн шалгалтын комисс нь шалгалт дууссаны дараа тайлан бичиж сургуулийн захиргаанд өгнө.
2.12. Төгсөлтийн шалгалтын комисс нь дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө. Үүнд:
2.12.1. төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тогтоол /хавсралт № 1/
2.12.2. комиссын хурлын протокол /хавсралт№ 2/
2.12.3. комиссын гишүүн үнэлгээ өгөх дүнгийн хуудас /хавсралт № 3/
2.12.4. комиссын нэгдсэн дүнгийн хуудас
2.12.5. комиссын гишүүдийн ирц бүртгэх хуудас
2.13. Төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга оюутны диплом, хавсралтыг үнэн зөв, алдаа засваргүй бичиж баталгаажуулсан байна.
2.14. Комисс нь тус сургуулийн архивт төгсөж байгаа оюутны холбогдолтой дараах материалыг төгсөлтийн шалгалтын комисст бүрдүүлж өгнө. Үүнд:
2.14.1. төгсөх оюутны сурлагын дүнгийн жагсаалт
2.14.2. төгсөх оюутны нэрсийн жагсаалт
2.14.3. суралцаж байсан хугацааны тодорхойлолт
2.14.4. элсэлтийн шалгалтын дүнгийн хуудас
2.14.5. дипломын хуулбар
2.14.6. сурлагын дэвтэр
2.14.7. оюутны үнэмлэх
2.14.8. тойрох хуудас