ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Эрдмийн зөвлөл нь сургуулийн хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого боловсруулж, тусгай төлөвлөгөөний дагуу зохицуулан зохион байгуулах, сургуулийн ректорт зөвлөх эрхтэй хамтын удирдлагын байгууллага юм.
1.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захиргаа, тэнхим, хамт олноос нэр дэвшүүлж, сургуулийн бүх багш нарын хурлаас санал хураалтаар сонгож захирлын тушаалаар батална.
1.3. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.
1.4. Эрдмийн зөвлөл нь 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүх бүрэлдэхүүний 70%-иас доошгүй нь эрдмийн зэрэг, цолтой багш, мэргэжилтэн байна.
1.5. Эрдмийн зөвлөлийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргыг ил санал хураалтаар сонгоно.
1.6. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, нөхөн сонгох шаардлага гарвал эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлж захирлын тушаалаар батлан бүх багш нарын хуралд мэдэгдэнэ.
1.7. Нөхөн сонгогдсон эрдмийн зөвлөлийн гишүүн үлдэх хугацаанд бүрэн эрхтэй байна.
1.8. Эрдмийн зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудал хэлэлцэн протокол, тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана. Үүнд:
1.8.1. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв
1.8.2. сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын хэтийн болон жилийн төлөвлөгөө, явц, үр дүн цаашдын зорилт
1.8.3. багш нарын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, явц гүйцэтгэл, үр дүн цаашдын зорилтын талаар илтгэл, сонсгол
1.8.4. магистрын дипломын ба дэд докторын диссертацийн ажлын сэдэв, явц, эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхтэй холбогдсон тодорхой асуудал
1.8.5. эрдэм шинжилгээний хурал, симпозиум явуулах сэдэв, зохион байгуулалтын асуудал
1.8.6. багш нарт эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэж, ректор санал оруулах
1.8.7. багш нарын бичсэн ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах
1.8.8. бусад сургууль, байгууллага, хүмүүсийн эрдмийн бүтээл, ном зохиолыг хэлэлцэн тодорхойлолт, шүүмж гаргах
1.8.9. сургуулийн сургалтын төлөвлөгөө
1.8.10. сургалт эрдэм шинжилгээний ажилд удирдлага болгон мөрдөгдөх үндсэн баримт бичиг
1.9. Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэр нь ректорын тушаалаар баталгаажина.
1.10. Эрдмийн зөвлөл нь өөрийн ажлын үр дүнгийн талаар бүх багш нарын хуралд тайлагнана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн хурал

2.1. Эрдмийн зөвлөлийн хурал жилд 2 удаа хуралдана. Шаардлага гарсан нөхцөлд эрдмийн зөвлөлийн даргын санаачилгаар, эсвэл эрдмийн зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ээлжит бус хурал хуралдуулж болно.
2.2. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцно.
2.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн хэлэлцэх асуудлаар урьдчилан бичгээр саналаа өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцож ирц авна.
2.4. Эрдмийн зөвлөлийн хурлыг эрдмийн зөвлөлийн дарга даргалах ба эрдмийн зөвлөлийн дарга хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд хурлыг эрдмийн зөвлөлийн даргын санал болгосноор эрдмийн зөвлөлийн гишүүн даргална.
2.5. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь хуралд оролцсон эрдмийн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан бол хүчинтэйд тооцогдоно. Хэрэв санал тэнцвэл эрдмийн зөвлөлийн даргын санал авсан талынх хүчинтэйд тооцогдоно.
2.6. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэх асуудал, дараалал, шаардлагатай тохиолдолд гаргах шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг хурлын бэлтгэлийн асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.
2.7. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хуралдуулж болно.

Гурав. Эрдмийн зөвлөлийн даргын эрх, үүрэг

3.1. Эрдмийн зөвлөлийн дарга нь дор дурьдсан эрх эдэлнэ.
3.1.1. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр, зөвлөмжийн талаар үндсэн чиглэл гаргах
3.1.2. эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
3.1.3. эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн сонгох асуудлыг санаачлах,батлах
3.1.4. эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын боловсруулалтын түвшин хангалтгүй гэж үзвэл хурлыг хойшлуулах
3.1.5. эрдэмтэн нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх
3.1.6. эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлаар санал гаргах

Дөрөв. Эрдэмтэн нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, хурлын бэлтгэлийг хангах
4.2. Эрдмийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
4.3. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдсон асуудлаар салбар нэгжийн удирдлага, багш нарт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих
4.4. Хурал хуралдах сар, өдөр, хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хурал хуралдахаас 5 хоногийн өмнө гишүүдэд урьдчилан зарлаж холбогдох материалыг тараана.

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

5.1. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь Отгонтэнгэр их сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын хэтийн төлөв чиглэлийн талаар бие даасан онол практикийн ач холбогдол бүхий асуудлыг хуралд тавьж хэлэлцүүлэх
5.2. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж хуралд идэвхитэй оролцон санаа бодлоо илэрхийлэх
5.3. Эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний асуудлын хүрээнд тулгамдсан ба хэтийн зорилтын талаар бодитой санал дэвшүүлэх
5.4. Эрдмийн зөвлөлөөс даалгасан үүрэг даалгаврыг хугацаанд нь сайн биелүүлэх
Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага
6.1. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол эрдмийн зөвлөлийн хурлаар дутагдлыг зааж анхааруулах буюу эрдмийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.