ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

527-1352446436IMG_8087
Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд өөрийн орон зайгаа нэгэнт эзэлсэн манай сургууль туулсан замынхаа ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлохын зэрэгцээ ухаан тэлсэн, нас идэр залуусыг эрдэм боловсрол эзэмшиж ихийг бүтээх ариун үйлсэд шамдан ороход нь зүг чиг болж байгаадаа баяртай байна.
Манай сургуульд мэргэжлийн салбартаа төдийгүй улс орондоо танил болсон олон эрдэмтэн багш ажиллаж байна.

ОТИС-ийн багш, төгсөгчдийн дундаас УИХ, Засгийн газрын гишүүн, агентлагын дарга зэрэг төр нийгмийн болоод урлаг соёлын зүтгэлтнүүд төрөн гарч түмэн олон, төр засгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурьдахад таатай байна.

Өнөөдөр манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаагаас гадна өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн хамрагдаж байгаад бид бахархан хүлээж авдаг юм.

Манай сургууль Солонгос, Хятад, Энэтхэг, Америк, Англи, Голланд, Японы зарим их сургуулиудтай холбоо тогтоож, багш оюутан солилцон сургаж, өндөр хөгжилтэй орнуудын боловсролын ололт, эрдэм ухааныг эх орондоо нутагшуулж байгаа шинэ хандлага, амжилтаа бид улам ахиулахаар шамдан ажиллаж байгаагаа та бүхэнд дуулгахад таатай байна. Ялангуяа эдгээр орнуудын холбогдох сургуулиудтай сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь оюутан залуусыг дэлхийн хөгжлийн хандлага ололт амжилтаас хоцролгүй хөл нийлүүлэн алхахад тус нэмэр болж байгаа билээ.

Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк, ГТХАН зэрэг гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран 30 гаруй төсөл, хөтөлбөрийг манай сургуулийн багш нарын багууд амжилттай хэрэгжүүлсэн нь сургалт судалгааны ажлын шинэ чиглэлд амжилт олох нэг үндэс болсон гэж үзэж байна.

Түүнчлэн өнөөдөр бид бизнесийн салбарт олсон амжилтандаа тулгуурлан хичээлийн материаллаг баазаа бэхжүүлж, сургалт судалгааны ажил явуулах хичээлийн 3 байр, компьютерийн 3 лаборатори, 2 номын сан, уншлагын танхим, биеийн тамирын заал, зоогийн газрууд зэрэг материаллаг баазтай болсноороо өнөөгийн оюутан залуучуудын сурч боловсрох таатай, тохилог орчинг бүрдүүлж өглөө.

Отгонтэнгэр Их сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, багш, ажилтан, ажилчид, оюутан залуус, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын боловсролын салбарт ОТИС-ийн түүх үргэлжилсээр байна. Бид цаашид ч улам арвин үйл хэрэг, эрдмийн их ажил, амжилт бүтээлээр түүхээ баяжуулах болно. Тэр цаг мөчүүдэд таныг бидэнтэй үргэлж хамт байна гэдэгт итгэлтэй байна.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч та бүхний өмнө Очирваань хайрханаараа овоглосон оюуны их уурхай Отгонтэнгэр Их Сургуулийн хаалга ямагт нээлттэй байх болно.

Манай сургуульд тавтай морилж, бидэнтэй хамтран ажиллахыг урин мэндчилж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Отгонтэнгэр Их Сургуулийн үүсгэн байгуулагч,

БОНХАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн,

Монгол Улсын Гавьяат багш,

доктор, профессор Д.Оюунхорол