АНУ-ын ACBSP буюу Бизнесийн сургууль хөтөлбөрийг магадлан итгэмжлэх олон улсын байгууллагын жилийн хуралдаан Калифорни мужийн Анахейм хотод боллоо. Дэлхийн 700 гаруй их дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон энэхүү хуралдаанд  нэг жилийн үйл ажиллагаагаа тайлагнасан бөгөөд 50-иад байгууллагад олон улсын магадлан итгэмжлэлийн сертификат гардуулсан юм. Монгол улсаас дөрвөн их сургууль  олон улсын магадлан итгэмжлэлийн сертификатаа гардан авсаны нэг нь Отгонтэнгэр Их сургууль байлаа. Тус сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Э.Ганбат, Бүртгэл менежментийн тэнхимийн эрхлэгч П.Эрдэнэбат нар хуралдаанд оролцож  өөрийн биеэр сертификатаа                            гардсан Монголын ганц сургууль болсон юм.

Өнгөрсөн 5-р сард ACBSP-ийн олон улсын шинжээчид ОТИС-д ажиллаж сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөрүүдтэй танилцан дүгнэлтээ хийгээд явсан. Энэхүү дүгнэлтэд үндэслэн ОТИС-ийг олон улсын түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулдагийг ийнхүү хүлээн зөвшөөрч магадлан итгэмжиллээ.

 Олон улсын шинжээчид тухайн сургуулийн үйл ажиллагаатай танилцаад зөвлөмж боловсруулдаг. Зөвлөмждөө хоёр жилийн дараа ахисан түвшинд орж ирэхдээ засаж залруулах, сайжруулах шаардлагатай зүйлсийг нэрлэсэн байдаг. Гэтэл ОТИС-д ямар ч нөхцөл, шаардлага хүргүүлээгүй нь манай сургуулийн үйл ажиллагааг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл бизээ. ACBSP-ийн олон улсын магадлан итгэмжлэлийн гол онцлог нь хоёр жил тутамд ахисан түвшинд магадлуулж байх ёстой бөгөөд энэхүү сертификат нь тухайн сургуулийг олон улсад хүлээн зөвшөөрсөний баталгаа болж байх юм.