Дотоод хэргийн их сургууль Отгонтэнгэр их сургуультай хамтран “Шинжээч мөрдөгч”, “Эдийн засгийн мөрдөгч”, “Цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” хөтөлбөрөөр  мэргэжилтэн бэлтгэхээр өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ДХИС-ийн захирал доктор /Ph.D/, профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар, Отгонтэнгэр их сургуулийн захирал доктор /Ph.D/, дэд профессор Н.Энхзаяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын хөтөлбөрөөр төгсөгчдийг Дотоод хэргийн их сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт тусгай шаардлагын дагуу элсүүлж, үнэ төлбөргүй сургаж, хос диплом олгохын зэрэгцээ энэхүү хамтарсан хөтөлбөрөөр төгсөгчид захиалгат ажлын байраар хангагдах юм.

Дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах шинэ санаачилга болж байгаагаараа энэхүү хамтын ажиллагаа онцлогтой.

Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагч Отгонтэнгэр их сургууль боловсролын салбарт чанарыг эрхэмлэж, төгсөгч мэргэжилтнүүдээ бэлтгэдэг, олон улс болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Тус сургуулийн Бизнесийн удирдлага, Санхүү, Банк, Нягтлан бодох бүртгэл, Сэтгэл судлал, Нийгмийн ажилтан, Багш, Гадаад хэлний боловсрол, Программ хангамж зэрэг хөтөлбөрөөр төгсөгчид ДХИС-ийн  “Шинжээч мөрдөгч”, “Эдийн засгийн мөрдөгч”, “Цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” хөтөлбөрт мэргэшин суралцана. Суралцагчид иргэдийн амар, тайван, аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, гамшиг, осол, болзошгүй аюулаас аврах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн оношлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэх юм.