2023 оны 9 сард Отгонтэнгэр Их Сургууль болон Болгар Улсын Варнагийн Менежментийн их сургуулийн хооронд багш, оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Варнагийн Менежментийн Их Сургуулийн элсэлт, маркетинг хариуцсан захирал Сияна Смолецова айлчлан ирж ОТИС-ийн ректор, доктор Н.Энхзаяатай уулзаж, хүндэтгэлийн брэнд тэмдгээ дурсгалаа. Түүнчлэн гадаад харилцаа болон маркетингийн албатай уулзаж санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Энэ хичээлийн жил Варнагийн Менежментийн Их Сургуулиас гурван багш, судлаач манай сургуульд ирж ажиллах бол ОТИС-иас найман багш, судлаачид Варнагийн Менежментийн их сургуульд очиж "Transnational program" буюу хоёр орны их сургуулиуд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтад хамрагдана. Болгарын Варнагийн Менежментийн Их Сургууль нь оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэлтээрээ дэлхийд №1, Аялал жуулчлалын магистрын хөтөлбөрөөрөө дэлхийд №14, Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөрөө Зүүн Европын №3-т тус тус эрэмбэлэгдэн, магадлагдсан нэр хүндтэй сургууль юм.