Манай их сургууль нь 2018 оноос эхлэн чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.Тус стандартын магадлах аудитыг жил бүр тогтмол хийлгэж, байгууллагын үйл ажиллагааны чанарын баталгаажуулалтыг ханган ажилладаг.

 

2025–2026 оны хичээлийн жилд чанарын менежментийн тогтолцооны стандартын гурав дахь удаагийн давтан баталгаажуулалтыг Стандарт Хэмжил Зүйн Газар-аар хийлгэхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

 

Үүнтэй зэрэгцэн Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны шаардлагыг тодорхойлсон MNS ISO 21001:2021 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд 2026 оны 2 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд “Заахуй, суралцахуй болон судалгааны арга зүй, хөтөлбөрийн хэрэгжилтэд байгууллагын менежментийн тогтолцоонд баримтлах зарчим, тавигдах шаардлага, тэдгээрийг хангах, хэрэгжилтийг үнэлэх, тасралтгүй сайжруулах үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, сургалтад сургуулийн удирдлага, тэнхимийн эрхлэгчид, алба нэгжийн дарга нар хамрагдаж байна.

 

Манай хамт олон боловсролын үйлчилгээний чанарыг эрхэм зорилгоо болгон ажилладаг бөгөөд ОТИС-ийн “Стратеги төлөвлөгөө–2033”-т олон улсын дөрвөн стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусган хэрэгжүүлж байна.

 

Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зөвхөн бичиг баримт, дүрэм журамд нийцэхээс гадна хэрэглэгч болон сонирхогч талуудын шаардлагад нийцэж буй түвшинг тогтмол үнэлэх, байгууллагын чадамжийг тасралтгүй дээшлүүлэх, хадгалах, байнгын сайжруулалтыг хэрэгжүүлэх замаар хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх боломж бүрдэнэ.

 

Түүнчлэн боловсролын байгууллага нь нийгмийн хэрэгцээ, байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, суралцахуйн үр дүнгийн үнэлгээ, сайжруулалтын үйл ажиллагаанд суралцагчдын оролцоог хангах зарчмыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр суралцагчдын хэрэгцээ, шаардлагыг бодитой тусгахын зэрэгцээ ажил олгогч, эцэг эх, төр засаг зэрэг оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлж, хадгалах, улмаар байгууллагын тогтвортой хөгжил, амжилтад чухал нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Иймд дээрх стандартуудыг сургалтын үйл ажиллагаа болон боловсролын үйлчилгээний бүх түвшинд нэвтрүүлж, үр нөлөөг нь тогтмол үнэлэн сайжруулах чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.