Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимээс сар бүр зохион байгуулдаг "Сэрэхүй цаг" цуврал лекцийн энэ удаагийн зочноор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндорж "Уран зохиолын ном унших ба уран сайхны шүүмжийн ач холбогдол, нийгмийн үнэ цэн" сэдвээр оюутнуудтай чөлөөтэй ярилцсан юм.

Тэрээр “Эх хэлээрээ зөв бичих чадвар нь боловсролтой хүний суурь чадвар болох”-ыг онцлон тэмдэглэж, “Эх хэлээ зөв эзэмшээгүй тохиолдолд өндөр боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй байх нь төдийлөн үр өгөөжтэй бус” хэмээн дурдсан. Мөн боловсролтой хүний чухал шинжийн нэг нь ном унших дадал бөгөөд ялангуяа уран сайхны зохиол унших нь хувь хүний оюуны болон ёс суртахууны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг болохыг тайлбарлав.

Түүнчлэн уг лекцийн хүрээнд ном уншихын ач холбогдол, нийгмийн үнэ цэн, уран зохиолын талаарх үндсэн ойлголтууд, түүний хүний хөгжилд үзүүлэх нөлөө болон нийгэм дэх үүргийн талаар товч мэдээлэл өгч, оролцогчидтой санал бодлоо хуваалцсан.