Боловсролын шинэчлэлд тавтай морил

Их сургуульд элсэн орсон хэн бүхэн нэгэн цоо шинэ ертөнцөд нэгдэн ордог юм. 
Шинэ нөхөд, шинэ орчин
шинэ боломж, шинэ мэдлэг.

Хүүхэд насны балчир мөрөөдөлдөө эзэн суух, хүмүүстэй найзалж нөхөрлөх, хүссэн зүйлээ хийж турших гээд хүний амьдралын хамгийн хариуцлагатай хэрнээ залуу насны зоримог шийдвэрээр халгиж цалгисан, хамгийн дэврүүн үе оюутан насанд л өнгөрдөг.

Бүр их сургуульд элсэн орно гэсэн эхний шийдвэр л ирээдүйд хэн болохыг тодорхойлох нь бий. Учир нь их сургуульд элсэн орсон хэн бүхэн нэгэн цоо шинэ ертөнцөд нэгдэн ордог юм. Шинэ нөхөд, шинэ орчин, шинэ боломж, шинэ мэдлэг.

1991 онд байгуулагдаж, 1999 онд их сургууль болон өргөжсөн Отгонтэнгэр Их Сургууль олон хүний хувьд амьдралынх нь хамгийн чухал эхлэл болсоор ирсэн. 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, улмаар 2013 онд амжилттай аттестатчилагдсан бөгөөд ОТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой эрдэмтэн багш нар удирдан явуулж байна.

2014 онд Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын эрх зүй, Бизнесийн эрх зүй мэргэжлийн хөтөлбөрүүд, 2015 онд Сэтгүүлзүй, Англи хэлний багш, Хятад хэлний орчуулагч хөтөлбөрүүд БМИҮЗ-өөр тус тус “А” үнэлгээтэйгээр магадлан Итгэмжлэгдсэн. Монгол Улсын хөгжил, дэвшлийн гол цөм болох өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг чанартай, чадвартай мэргэжилтнээр хангах үйлсэд манлайлагч, тэргүүлэгч үүрэгтэйгээр оролцож ирсэн.

Отгонтэнгэр Их сургууль шинэ элсэгчдэд зориулсан “Class of 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарт бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Эрхэм зорилго

Мэдлэгээрээ баялаг бүтээж, Манлайлах чадвартай, Ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ

Алсын хараа

Олон улсын стандартад нийцсэн, чадварлаг мэргэжилтэн Бэлтгэдэг, орчин үеийн технологийн дэвшил, Инновацийн хөгжлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Сургалт-судалгааны их сургууль байна.

Сүлд дуу

ТЭНГЭРИЙН ИВЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ

  • Уулс уулсынхаа оргилоор нэрлэгдэн
  • Удамт ардынхаа үрсийг гэгээрүүлээд
  • Ирээдүй замын хөтөч болон
  • Итгэлийн сайхнаар цалгилан байдаг
    • Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
    • Отгонтэнгэр тэнгэрийн ивээлтэй сургууль аа
  • Санаж зорьсон үйлсээ бүтээхээр
  • Сэтгэлийнхээ дуудлагаар хуран чуулаад
  • Оргилуун хүслээр жигүүрлэн тэмүүлсэн
  • Одтой залуусын баяслаар дүүрэн
    • Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
    • Отгонтэнгэр тэнгэрийн ивээлтэй сургууль аа
  • Талын монголын билэг оюунаар
  • Төгөлдөр ариун түүхээ баяжаасан
  • Наран саран саатан хоргодмоор
  • Найрсан даллагч эрдмийн өргөө
    • Очирваань хайрханаа нэрэндээ тахьсан
    • Отгонтэнгэр тэнгэрийн ивээлтэй сургууль аа 
Үүсгэн байгуулагч

Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд өөрийн орон зайгаа нэгэнт эзэлсэн манай сургууль туулсан замынхаа ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлохын зэрэгцээ ухаан тэлсэн, нас идэр залуусыг эрдэм боловсрол эзэмшиж ихийг бүтээх ариун үйлсэд шамдан ороход нь зүг чиг болж байгаадаа баяртай байна.

Манай сургуульд мэргэжлийн салбартаа төдийгүй улс орондоо танил болсон олон эрдэмтэн багш ажиллаж байна.

ОТИС-ийн багш, төгсөгчдийн дундаас УИХ, Засгийн газрын гишүүн, агентлагын дарга зэрэг төр нийгмийн болоод урлаг соёлын зүтгэлтнүүд төрөн гарч түмэн олон, төр засгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурьдахад таатай байна.

Өнөөдөр манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаагаас гадна өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн хамрагдаж байгаад бид бахархан хүлээж авдаг юм.

Манай сургууль Европын холбооны улс, Испани, Польш, Тайвань, Солонгос, Хятад, Энэтхэг, Америк, Англи, Голланд, Японы их сургуулиудтай сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан солилцон сургах, өндөр хөгжилтэй орнуудын боловсролын ололт, эрдэм ухааныг эх орондоо нутагшуулах зэргээр хамтран ажиллаж, оюутан залуусыг дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлага, ололт, амжилтаас хоцролгүй хөл нийлүүлэн алхахад тус нэмэр болж байгаа билээ.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Швецарийн хөгжлийн агентлаг, КОЙКА, БНХАУ-ын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, UNISEF, ДЗМОУБ, ГТХАН, Хүний эрхийн үнэдсний төв, “Эмнисти Интернешнал” ОУБ, Нээлттэй нийгэм форум, Мэтгэлцээний нэгдсэн танхим, Авилгатай тэмцэх газар, Монголын олон улсын ба үндэсний арбитрын газар зэрэг гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран 30 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь сургалт судалгааны ажлын шинэ чиглэлд амжилт олохын зэрэгцээ багш нарын салбартаа хүлээн зөвшөөрөгдөж байгааг илэрхийлж буй гол үзүүлэлт юм.

Отгонтэнгэр Их сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, багш, ажилтан, ажилчид, оюутан залуус, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч та бүхний өмнө Очирваань хайрханаараа овоглосон оюуны их уурхай Отгонтэнгэр Их Сургуулийн хаалга ямагт нээлттэй байх болно.

Манай сургуульд тавтай морилж, бидэнтэй хамтран ажиллахыг урин мэндчилж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Отгонтэнгэр их сургуулийн үүсгэн байгуулагч,

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат багш,

доктор, профессор Д.Оюунхорол

Ректор

Хүмүүн бидний нийгэмд эзлэх байр суурь, хүлээн зөвшөөрөгдөх үнэлэмжийг мэдлэг мэдээлэл тодорхойлдог болсон эрин үе - XXI зууны эхлэл цаг дор сургалт, судалгааны ажил эрхэлж буй Отгонтэнгэр их сургуулийн профессор багш нар, ажилтан, ажилчид, үе үеийн төгсөгчид, оюутан суралцагчдаа төлөөлөн мэндчилж байна.

Нийгэм, хувь хүний хөгжил дэвшилд дээд боловсролын нэмэр хандив, боломж, үнэ цэнэ өгч буй энэ цагийн охид хөвгүүд, суралцагчид та бүхнийг даяаршиж буй нийгэмд оюуны шандасаа сорьж өнөөдрийн эзэмшсэн эрдэм боловсролоо угтах ирээдүйд эрх мэдэл, нэр хүнд, мөнгө хөрөнгө болгон хувиргаж өрх гэрийнхээ аз жаргалыг бүтээх зам мөрийг тань гэрэлтүүлэхээр Отгонтэнгэр их сургууль таньтай хамтран ажиллаж номын цагаан буян дэлгэрүүлэх их үйлсийг бүтээлцэж байгаадаа баяртай байна.

Эрин цагийн бие эрүүл, ухаан цэцэн саруул, сэтгэл эерүү зөөлөн, хичээл зүтгэл нөр их Монгол иргэнийг эрдэмжүүлэн сургаж, өөрийгөө нээж өрөөлийг хурцалж амьдрах таньд чадамжийн боловсрол олгох оюуны зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлэгч нь байхын төлөө манай хамт олон чармайн ажиллах болно.

Өмнөх үеийнхний хурааж хуримтлуулсан эрдмийн их сан хөмрөгөөс хичээнгүйлэн суралцаж өнөө цагийн шинэ санаа олж нээлт хийх та бидний эрэл хайгуул өлзийтэй байх болтугай.

РЕКТОР Доктор Н. ЭНХЗАЯА

Бүтэц
Шагнал, өргөмжлөл
  • Монголын оюутны дээд шагнал “Боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”
  • МҮХАҮТ-ын “Оны шилдэг интрепренер-2005, 2008”
  • МҮХАҮТ-ын “Мэдлэгт суурилсан бизнес” шагнал
  • “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль-2005”
  • МҮОНТ-ийн “Ядуу иргэдийн сурч боловсроход бодитой хувь нэмэр оруулсан байгууллага” “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл
  • “Best of Mongolia-2013” шилдэг их сургууль өргөмжлөл
  • 2014 оны “Монголын сурагчдын бахархал-ТОП ИХ СУРГУУЛЬ” өргөмжлөлт
Түүхэн замнал
1991
Боловсролын сайдын тушаалаар “Оюунхоролын гадаад хэлний дээд сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, англи, герман, хятад, франц, япон хэлний орчуулагч-багш мэргэжлээр 187 оюутан, долоон багштай түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн.
1992
1385 м2талбай бүхий хоёр давхар байртай болж,“Отгонтэнгэр” дээд сургууль нэртэй болов.
1993
БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан

Орос-англи хэлний багш орчуулагчийн ангийг нээв.

1996
“ХХ зууны монгол гэр бүл” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний хурлыг санаачлан, анх удаа зохион байгуулав.

Аж ахуйн эрх зүйч мэргэжлийн анги нээгдлээ.

1997
ОТДС-ийн захирал Д.Оюунхорол боловсрол судлалын докторын зэрэг хамгаалав.
1998
“Хуулийн цаг” теле зохиомжит цуврал нэвтрүүлгийг бэлтгэх төсөл хэрэгжиж олон нийтийн сайшаал, талархлыг хүртсэн нэвтрүүлгээр шалгарав.
1999

Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж, их сургууль болон өргөжив.

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага мэргэжлээр шинэ анги нээв.

Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй болж, хэл шинжлэлийн магистр, эрх зүйн магистр, докторын ангид элсэлтээ авч эхэллээ.

2000

ОТДС-ийн захирал, доктор Д.Оюунхорол УИХ-ын гишүүнээр сонгогдов.

Тайваний Мин Чуаны Их Сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

2001
Швейцарийн номын сангийн Монгол дахь сүлжээг бий болгов.

Багш Б.Галиндэв философийн ухааны докторын зэрэг хамгаалав.

2002
“Тэнгэрийн ивээлтэй сургууль” хэмээх сүлд дуутай болов.
2004

Ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэв.

ОТИС-ийн үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгийг санаачлан олгож эхлэв

2005

Олон улсын худалдааны менежмент, аялал жуулчлалын менежмент, солонгос хэлний Орчуулагч-багшийн мэргэжлийн ангиуд нээгдлээ.

2006
Хүмүүнлэгийн, Эдийн засаг-Бизнесийн удирдлагын, Хууль зүйн гэсэн бүтцийн гурван сургуультай болж Хууль зүйн клиник сургалтын төв байгуулагдав.

Японы Комазава охидын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Японд багш нар мэргэжил дээшлүүлж эхлэв.

АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлагтай хамтран шүүхийн мэтгэлцээний ур чадварын сургалт явуулах сургагч багш бэлтгэх төсөл хэрэгжүүлэв.

2007

БНСУ-ын Конгжу үндэсний их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.

Оюутан радио, ТВ студи ашиглалтад оров.

2008

Хууль зүйн их дээд сургуулиудын хүрээнд хууль зүйн клиникийн багш бэлтгэх сургалтыг явуулав. Хууль зүйн клиникийн удирдлага, зохион байгуулалтын гарын авлага, клиникийн багшийн болон оюутны гарын авлага боловсруулав.

2009
ЭЗБУС-ийн баг Улсын менежментийн олимпиадад тэргүүн байр эзлэв.
2010
Сагсан бөмбөгийн шигшээ баг “Спрайт Блиг”-ийн анхны аварга болов.

Боловсрол судлалын магистр, докторын анги шинээр нээлээ.

Оюутолгой ХХК-тай дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

2011
Тайваний Мин Чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Улс төр судлалын ангиуд нээгдэв.

Сургуулийн үүсгэн байгуулагч Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлгээр 76 оюутанд 56 сая төгрөгийг олгов.

2012

Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгээр 84 оюутанд 95 сая төгрөгийг олгов.

2013

2013 оны Шилдэг хувийн хэвшлийн их сургуулиар шалгарав.

БСШУЯ-ны атестатчилалд амжилттай хамрагдав.

Эрдэм шинжилгээ судалгааны төв болон түшиц “Одтой жаалууд” цэцэрлэг байгуулагдав.

2014
БНХАУ-ын Ляонингийн их сургууль, СИАС олон улсын их сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлж жил бүр 2 багш докторантурт, 2 төгсөгч магистрантурт 100% тэтгэлгээр суралцах эрхтэй болов.

Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгээр 62 оюутанд 61 сая төгрөгийг олгов.

БМИҮЗ-өөр 7 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэв.

Монголын сурагчдын холбооны “Шилдэг их сургууль”-аар шалгарсан

2015
Дэлхийн их, дээд сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анх удаа ОТИС-ийнхан оролцов.

ОТИС-ийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг бий болж 2 оюутан тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагдав.

Компанийн засаглалын сургалт явуулах эрхтэй боллоо.

Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн төсөлд шалгарав.

2016

ОТИС-ийн Үүсгэн байгуулагч 4 дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, БОАЖСайдаар томилогдов.

Хувь хүний хөгжлийг дэмжих Cosmo Student төсөл хэрэгжүүлэв.

Орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжүүлэв.