Төгсөгчид

Отгонтэнгэр их сургуулийн өнгөрсөн, өдгөө, ирээдүйн тухай

Төгсөгчдийн тоо
/бакалаврын өдрийн анги/
Хүүхэд насны балчир мөрөөдөлдөө эзэн суух, хүмүүстэй найзалж нөхөрлөх, хүссэн зүйлээ хийж турших гээд хүний амьдралын хамгийн хариуцлагатай хэрнээ залуу насны зоримог шийдвэрээр халгиж цалгисан, хамгийн дэврүүн үе оюутан насанд л өнгөрдөг.
Төгсөгчдийн тоо
бакалаврын эчнээ анги
Төгсөгчдийн тоо
бакалаврын орой анги
Төгсөгчдийн тоо
Магистрын анги
Нийт төгсөгчид
Боловсролын зэргээр
25 ХҮН | 25 ЖИЛ | #25 ТҮҮХ
БАГШ, ТӨГСӨГЧ, ОЮУТНУУДЫН
ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН 25 ХҮН
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН
ӨНГӨРСӨН, ӨДГӨӨ, ИРЭЭДҮЙН ТУХАЙ
Д.Оюунхорол
1991 онд Отгонтэнгэр Их сургуулийг үүсгэн байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 6000 гаруй залууст хууль эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага, гадаад хэл, сэтгүүл зүйн чиглэлээр боловсрол олгож, амьдралын боломжгүй 600 оюутанд сургалтын төлбөр болох 1 тэрбум төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ. 
#1
Шинэчлэлийг түгээгч

Монголын нийгмийн өөрчлөлт эхлээд 26 жилийн нүүр үзлээ. Монгол хүний сэтгэлгээнд чанарын эргэлт гарч хувийн өмч, хувийн сургууль, эмнэлэг байж болно гэдэгт итгэж ядаж байсан цаг ард хоцорчээ. Энэ өөрчлөлт дэлхийн даяаршлын эрчимтэй үетэй давхцаж, түүнтэй хөл нийлүүлэн алхах Монголын гол гарц нь боловсролын шинэчлэл болж байна. Дэлхийг таньсан, бас дэлхийд танигдсан Монгол хүн бэлтгэх ойрын зорилтыг Монголын боловсрол шинэчлэлийнхээ баримжаа болгох эргэлтийн гэж онцлох эрин цаг иржээ. 

Монголд үүсч байгуулагдсан хувийн сургуулиудын булган сүүлтэй ууганаар Отгонтэнгэрийг нэрлэдэг. Хувиийн сургууль байгуулж, боловсрол эзэмших дур хүсэлдээ хөтлөгдсөн залууст сонирхсон мэрэгжлийг нь эзэмшүүлэх зам гаргаж нийгмийн гэж болохоор анхны туршилт хийсэн хувийн дээд сургууль үүсгэн байгуулагчдад эрчимтэй шинэчлэгдэн байгаа дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, жишиг, загварыг харгалзан үзэх, шинээр төлөвшиж байгаа монголын зах зээлийн олон янзын бэрхшээлийг өөртөө хүлээх хувь тавилан ноогдсон юм.

Нийгэм дэнслээд ирэхийн цагт хүн гарц, шийдвэрээ өөрөөсөө хайж, өөртөө л үнэнч байх хэрэгтэй юм билээ. Зах зээлийн хэмээх “танихгүй” нийгэмд төрийн ямар нэг туслалцаагүйгээр дээд сургууль байгуулж, хөл дээр нь босгож, улмаар бусадтай өрсөлдүүлнэ гэдэг амар даваа байгаагүй. Гэсэн ч тэр давааг манай эрдмийн хамт олон амжилттай давсан төдийгүй үлгэр жишээ болгож араасаа олон “дүү” дагуулсан.

Өдгөө “Отгонтэнгэр”-ээр овоглосон профессор багш нар, оюутан, төгсөгч, ажилтан, ажилчид бид сургалт, судалгааны их сургууль болж, Мэдлэгээрээ баялаг бүтээх мэргэжилтэнг бэлтгэж, эрин цагийнхаа захиалгыг биелүүлэхээр оюуны хүч чадлаа сорин ажиллаж байна.

Дээд боловсролын чанарт өөрчлөлт хийх гол гарцаа бид бүхэн дэлхийн дээд боловсролын сүлжээнд багтан орж, Европ, Америк, Азийн хөгжлөөрөө тэргүүлж яваа орнуудын дээд боловсролын үзэл баримтлал, стандартыг эх орондоо нутагшуулах бүтээлч үйл явцтай холбон үзэж байгаа.

Х.ЭНХТУЯА
СЭТГҮҮЛЧ БАГШ

“Сэтгүүлзүйн ангийн оюутнууд сонин, телевиз, радио гээд аль нэг чиглэлийг сонгон мэргэшдэг. Гэхдээ өнөөгийн сэтгүүлзүйн ертөнцөд аль нэг чадвараараа улам л онцгойрохгүй бол тэсэж үлдэхэд бэрх болжээ. Бичдэг сэдэв, бичлэгийн хэв маягаараа бусдаасаа эрс ялгарч байж л сайн сэтгүүлч гэгдэнэ. Тиймээс оюутнууд маань, бүх юмыг чаддаг болохын төлөө биш, аль нэг зүйлдээ төгс болох хэрэгтэй.”

Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч. Уралын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа л сонины сэтгүүлчийн замналыг сонгосон тэрээр сэтгүүлзүйн салбарт хүчин зүтгэж байгаад 1998 оноос ОТИС-д багшилж эхэлжээ.
13
Б.ГАЛИНДЭВ
ҮГИЙГ НЬ СОНСОХ ХҮН

Дурсамж. “1996 онд ОТИС Хуулийн сургуультай болсон. Энэ үед манай сургууль “Монголын гэр бүлийн асуудлаар” гэсэн сэдвийн дор оюутны эрдэм шинжилгээний хурал анх удаа зохион байгуулж байлаа. Зохион байгуулах хүндтэй үүргийг Д.Оюунхорол захирал надад өгч байсан юм. Тус эрдэм шинжилгээний хурлаас багш нар шинэ санаа авч, оюутнууд өөрсдийгөө хөгжүүлж, Монголын гэр бүлийн тухай судалгааг ямар нэгэн хэмжээгээр баяжуулсан их өгөөжтэй үйл ажиллагаа болсон. Энэ жил 21 дэх удаагаа “XXI зууны гэр бүл” гэсэн сэдвийн дор хурлаа зохион байгуулах гэж байна. Манай сургуулийн хувьд дурдахгүй байхын аргагүй уламжлалт үйл ажиллагаа болж чадсан. Энэ хүндтэй ажлыг анхлан зохион байгуулснаараа би их урам зориг авч байсан юм.”

Захих үг. “Бид маш хөдөлгөөнтэй, өөрчлөлтөөр дүүрэн цаг үед амьдарч байна. Тэр хэрээр хүн сатаарч болох юм. Ямар цаг үед амьдарч байгаагаас үл хамааран залуу хүн бүр байнга уншиж, шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж, тэндээс өөрийнхөө ололттой хийгээд дутагдалтай талаа олж, өөрийгөө танин мэдэж байгаасай гэж хүсдэг... Гоё загвартай хувцас авах гэтэл мөнгө хүрэхгүй, чадаагүй байж болно. Ойр дотнын сайн найзаасаа ямар нэгэн тохиолдлоор холдчихож болно. Гэх мэтээр бодоод байвал та бидэнд эргээд олддоггүй учрал тохиолдол олон байдаг юм шиг. Гэвч энэ бүхэн худал юм байна. Эргэж учирдаггүй ганцхан л юм байдаг. Энэ бол учир утгагүй, үр ашиггүй өнгөөрөсөн цаг хугацаа аж.”

Философийн багш, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. 1995 оноос хойш ОТИС-д багшилж байна. Түүнээс сургамжийн үг сонсоогүй оюутан, багш гэж ховор. Залуусыг ном уншихад үргэлж уриалдаг энэ эрхэм багш сургуулийн анги танхимаар алхан явах нь эгээ л эртний гүн ухаантан мэт харагддаг.
12
Ж.АМАРСАНАА
ХҮНДТЭЙ ХҮН

Отис-ийн бахархал. “Шинэ Үндсэн хууль (1992) батлагдсаны дараа дунд боловсролтой хуульчдад дээд боловсрол олгох шаардлага тулгарсан. Хуульзүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны хүсэлтээр Отгонтэнгэр их сургууль олон зуун хуульчдад дээд боловсрол олгосон гавьяатай. Отгонтэнгэрийн төгсөгчид УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, өмгөөлөх, шүүх, прокурор, цагдаа, яам, агентлаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн захиргааны орон нутгийн байгууллага, төрийн бус болон бизнесийн байгууллага, их, дээд сургуульд үр бүтээлтэй ажиллаж байна.”

Хуульзүйн сургуулийн давуу тал. “Их сургууль гэдэг нь ерөөсөө л багш, оюутан, ном (номын сан) гурвын нэгдэл юм. ОТИС-ийн Хууль зүйн сургууль баялаг туршлагатай, маш өндөр боловсрол мэргэжил эзэмшсэн сайн багш нартай.”

Залууст хандаж хэлбэл. “Оюутан байхдаа цагтай уралдах, цагийг хожих, цаг баримтлахад сайн анхаарвал сайшаалтай. Сарны тооллоор амьдардгаас ангижирч, нарны тооллоор амьдарч сурах нь чухал шүү. Хүн бүр дээд боловсролтой байх албагүй. Та нэгэнт дээд боловсролтой болох гэж байгаа бол төгсөөд хаана очих, юу хийхээ эртнээс тунгаан бод. Цаг биднийг хэмжихгүй, бид цагийг хэмжинэ. Цагийг үр бүтээлтэй ашиглаж, урагш байнга тэмүүл. Гэхдээ давших төдийгүй ухарч чадах нь хүний гайхамшигт чадвар. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, хөгжилтэй байхад гэмгүй. Гэхдээ эгэл даруу байвал хүсэл шуналаас ангид байна. Даруу байна гэдэг өөрийгөө үнэлж буй хэрэг.”

Академич, Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч. 1993 оноос ОТИС-д багшилж эхэлсэн. Одоо бол ОТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, мөн зөвлөх профессор. 
11
Л.БААСАН
ЗАРЧИМЧ ПРОФЕССОР

Эргэлтийн цэг. “1991 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг төрийн өмчийн хэдэн сургууль хариуцан, тэр үеийн тогтолцооны дагуу багш төвтэй, социалист систем, нэг намын үзэл сурталд атгагдан гүйцэтгэж байсан юм. Энэ үед дээд боловсролын салбарын өрсөлдөөн, олон талт менежментийн тухай ямар нэгэн ухагдахуун байсангүй. Харин 1991 онд Отгонтэнгэр тэргүүтэй хувийн их дээд сургуулиуд байгуулагдсанаар хөгжлийн баригдмал энэ орчныг өөрчлөх эхлэл тавигдаж билээ.”

Сахилга баттай сургууль. “ОТИС-д хичээлийн хонх дуугарах, хичээл цагтаа эхлэх, интернэтийн танхим, цайны газар, номын сан зэрэг оюутанд зориулсан үйлчилгээний газрууд товлосон цагтаа ажиллаж эхлэх нь тогтсон зүйл. Хичээлийн байр цэвэр цэмцгэр, гадаа талбай нь ногоон орчинтой зэрэг хэний ч анхаарлыг татахаар. Сандал дээр, хүсвэл зүлгэн дээр суунгаа хөлөө амрааж болно. Ерөөс цэвэр цэмцгэр орчин бол хамт олны хүчин зүтгэлээс ихээхэн хамаардаг. Нэг үгээр, сургуулийн орчин нь л Отгонтэнгэрийнхнийг тодорхойлоод өгчихнө.”

Нэгдмэл зорилго. “ОТИС бол боловсрол, мэдлэгийн ариун сүм бөгөөд оюутан, багш, ажилтан бүгд бусдын гэгээрлийн төлөө зорин ажиллах эрмэлзэлтэй, жил тутамд эл зорилго хангагдаж, дөрвөн жилийн хөдөлмөрийн үр дүнгээ үзсэн ганган залуус энгэрийн тэмдгээ зүүж, аав, ээж ах дүүс, амраг садангуудаа баясгадаг билээ. Диплом гардуулах өдөр шиг сайхан өдөр ховор л байх. Энэ зорилгод хүрэхийн тулд оюутан, багш, ажилтнууд ёс зүйгээ баримтлан нэг л зорилгын дор зүтгэдэг юм.” 

ОТИС-ийн зөвлөх профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш. 1995 оноос хойш ОТИС-д багшилж байна. 
10
Л.УДВАЛ
ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ

“Шантарч болохгүй, хичээл зүтгэлтэй бай, урагш тэмүүл гэх мэт үгс үргэлж хэлэгддэгээсээ болоод үнэ цэнээ алджээ. Угтаа бол гүн утга санаатай, бодууштай үгс юм. Зарим үед, үнэхээр л тухайн зүйлийг хийхэд ямар ч авьяасгүй юм шиг санагдах үе тохиолддог. Үнэндээ авьяастай байна гэдэг нь дуртай ажлаа уйгагүй хийхийг л хэлээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө сайн тодорхойлоод тухайн ажлыг дурлаж хийж чадна гэдгээ мэдэж л байвал хичнээн авьяасгүй мэт санагдсан ч, хийсэн бүхэн чинь болхи бүдүүлэг гэгдсэн ч уйгагүй зүтгээд л байх хэрэгтэй. Тэгвээс нэг л өдөр тухайн ажлаа “төгс” хийдэг болно. Тиймээс олон зүйлд зэрэг биш, дуртай ганц л зүйлдээ төгс болохын төлөө зорих хэрэгтэй. Сайн сэтгүүлч, сайн санхүүч, сайн нягтлан бодогч, сайн судлаач болъё л гэвэл тууштай Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургуулийн тэмцэгч байж сур.”

Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургуулийн захирал. 1999 оноос хойш Отгонтэнгэр ИС-д багшилж буй. Тэрээр аливаа зүйлд уйгагүй, тууштай хандахын чухлыг онцолж байна.
9
Ц.АЛТАНЦЭЦЭГ
УРАМ ЗОРИГООР ТЭТГЭГЧ

Ажлын гараагаа багшийн хөдөлмөрөөр эхэлсэн миний амьдрал, ажлын он жилүүд оюутан нас, оюутны амьдралын дурсамжаар дүүрэн. Алдаа гаргадаггүй оюутан гэж ховор.Заримдаа хүсэл тэмүүлэл, зорилгоосоо няцах ч үе тохиолддог.

Зорилгогүйгээр туулж өнгөрүүлсэн цаг хугацаанд үнэлж баршгүй их баялаг урсан оддог. Ийм л үед нь хүнийг үнэлж, өчүүхэн сэтгэлийн дэм, урам хайрлах нь өөрөө хичнээн үнэ цэнэтэй зүйл гэдэг нь хожим харагддаг.

Өнгөрсөн жил сургуулиа төгссөн миний нэг шавь суралцсан хугацаагаа үр дүнгүй талаар өнгөрөөхдөө тулчихаад байсан юм. Энэ мөчид түүнтэй уулзахдаа түүний хятад, англи хэлний чамгүй сайн чадварыг үнэлэн, хичээл зүтгэл гаргавал амжилтанд хүрэх боломж их байгааг, гэхдээ тэрхүү боломжоо одоо л ашиглахгүй бол алдаж ч мэднэ гэдгийг ойлгуулсан. Тэр өдрөөс хойш өнөөх оюутан маань өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй гэдгийг ойлгож хичээл зүтгэл гарган сургуулиа ч сайн төгссөн.

Төгсөлтийн шалгалтан дээр миний хүсэлтээр хятад, англи хэл дээр өөрийгөө танилцуулаад асуултаа торолгүй ярихад шавиараа мөн ч их бахархаж билээ.

Саяхан даа, тэр шавь маань ажилд ороод удаагүй байхдаа дүрэмт хувцсаа өмсчихсөн, эмээтэйгээ цуг над дээр ирсэн юм. Эмээ нь “Та л миний хүүг өөрчилсөн. Манай гэр бүлд баяр баясгалан авчирсан шүү” гээд жигтэйхэн баяр хөөр болчихсон уулзаж билээ.

Нэг үг хүний үнэ цэнийг мэдрүүлнэ. Нэг найдвар амжилт, бахархлыг дагуулах хүчтэй.

Хууль зүйн сургуулийн захирал. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөсөө хойш 40-өөд жил боловсролын салбарт ажиллаж буй. Харин ОТИС-д 1994 оноос хойш багшилж байна. Тэрээр багшлах хугацаандаа олж мэдсэн хамгийн үнэт туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм.
8
Б.ОДГЭРЭЛ
БОЛОМЖ ОЛГОГЧ

“Их сургууль бол боломжоор дүүрэн газар. Гэвч оюутнууд тийм гэдгийг олж хардаггүй. Тэтгэлэг, солилцооны хөтөлбөр, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн, дугуйлан клубууд гээд бүгд л боломж юм. Эдгээр боломжыг алдалгүй шүүрч авсан нь л өөрийгөө нээж, өрсөлдөх чадвартай болдог. Их сургуулиа төгсөөд багш болсныхоо дараа л “багш бол боломж олгогч хүн юм байна” гэдгийг ойлгосон. Оюутан байхдаа үргэлж ямар нэгэн боломжоос хоцордог нэгэн болж төлөвшвөл амьдрал дээр ч, ажил дээр ч, бизнесийн орчинд ч бүх зүйлээс хоцордог хүн болж хувирна гэсэн үг. Тиймээс боломжуудыг чадахынхаа хэрээр шүүрдэг байх хэрэгтэй. Бид од шүүрнэ гэж ярьдаг даа. Тэнгэрт гялалзах тэр од бол боломж юм.”

Хүмүүнлэгийн сургуулийн захирал. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд 2014 онд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдвээр докторын зэргээ хамгаалжээ. Зөвхөн улс төр гэлтгүй, бүхий л салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгааг Одгэрэл багш ярианыхаа завсар онцолж байлаа. Гэхдээ энэ удаад тэрээр оюутан насанд тусгайлан олддог олон боломжуудын тухай ярьсан юм.
7
Д.НАРАНЧИМЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮН

“1990-ээд оны эхээр боловсролын салбарын шинэчлэлийн асуудал хурцаар тавигдаж байсан тэр үед МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан бидний хэсэг багш хуульч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрчлөлт шинэчлэлт хийх, эрх зүйн дээд боловсролын хэтийн чиг хандлагын талаар ярьдаг, бичдэг, шүүмжлэлтэй ханддаг байсан юм.

1994-1995 оны хичээлийн жилд хувийн хэвшлийн анхны сургуулийн нэг Отгонтэнгэр дээд сургууль “олон улсын эрх зүйч” мэргэжлийн анги нээсэн бөгөөд мэргэжлийн багш нар шаардлагатай байгаа тухай мэдээд тус сургуулийг зорин очиход захирал залуухан эмэгтэй уриалгахан угтан авч биднийг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэж билээ. Ингэж л Д.Оюунхорол захиралтай танилцсан бөгөөд өдгөө 20 жил гар нийлэн хамтран ажиллаж байна.

Тус сургуульд анхны тэнхимийн эрхлэгчээс эхлээд дэд захирал, ректороор ажиллахдаа дээд боловсролын байгууллагын анхны аттестатчилал, анхан болон ахисан түвшний магадлан итгэмжлэл, шинэ шинэ мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд, гадаад, дотоодын олон арван төсөл, бүтцийн өөрчлөлт, тэмдэглэлт ойнууд, бүтээн байгуулалтын асар их ажлын түүхэн гэрч болж, гар бие оролцсондоо туйлын баяртай байдаг. Олон жил удирдах ажил хашиж байсан хүний хувьд “муу хамт олон гэж байдаггүй, муу удирдагч гэж байдаг” гэсэн нэг л үгийг ямагт санаж ирсэн.

Ахмад багш Д.Наранчимэг 2000-2012 оны хооронд Отгонтэнгэр их сургуулийн ректороор ажиллаж байв. Одоо бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн. Мөн олон арван судалгааны бүтээл, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд гардан оролцсон, Монголын хамгийн чадварлаг, нэр хүндтэй хуульч нарын нэг юм.
5
Ж. Золбаяр
МАРГААШИЙН ХҮН

Харвардын хөтөлбөр. “Харвардын 30 гаруй оюутан Монголд ирэхэд би зохион байгуулагчаар оролцсон юм. Энэ нь Азийн орнуудаар тойрон аялдаг, очсон улс бүртээ хэлэлцүүлэг өрнүүлдэг, мөн салбар бүрийн нөлөө бүхий хүмүүстэй уулзаж туршлага судалдаг хөтөлбөр юм л даа. Нэг үгээр хэлэлцүүлэг ч гэж нэрлэж болно. Миний хувьд, Харвардын оюутнуудтай нэг баг болж ажилласан.”

Боловсролын үнэ цэнэ. “Филиппин, Тайланд зэрэг Азийн ихэнх орнууд манайхтай л адил маш олон асуудалтай тулгарч байсан юм билээ. Гэхдээ тэдгээр асуудлаа боловсролын салбараа хөгжүүлснээр л даван туулж чадсаныг уулзсан хүн бүр онцолж байв. Аяллын дараа боловсролоор дамжуулан бүх зүйлийг өөрчилж болох юм байна гэдэгт бат итгэх болсон. Хувь хүн өөрийгөө хэр дайчилж чадах, мөн өөрийгөө таньж мэдэхэд боловсролын салбар л асар хүчтэй нөлөөлж чадна.”

ОТИС-ийн дэд захирал. Бээжингийн их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсчээ. Тэрээр 2015 оны зун Харвардын “Leadership Trek” хөтөлбөрт хамрагдан Азийн цөөнгүй орноор явж сургалт, семинар зохион байгуулжээ. 
6
Р.ЧУЛУУНБААТАР
НАЙДВАРТАЙ АР ТАЛ

Тасралтгүй ахиц дэвшил. “Үргэлж л сургуулийнхаа орчинд юуг, яаж сайжруулах вэ гэж бодож төлөвлөж байдаг. Тэднийгээ хэрэгжүүлж, биелүүлчихээд сууж байхад сэтгэл хангалуун сайхан шүү дээ.” Амжилтын хөшүүрэг. “Миний ажлын гол үүрэг бол сургуулийн тогтвортой үйл ажиллагааг хангаж, Отгонтэнгэр их сургуулийн нийт багш, оюутнуудад сурах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал. Тиймдээ ч энэ сургуульд ажиллаж, сурч боловсорч буй хүн бүрийн амжилт надад урам өгдөг.”

Сургуулийн ерөнхий менежер, мөн сагсны багийн менежер. 14 жилийн өмнө Отгонтэнгэр их сургуульд жижүүрээр ажилд орж байсан бол өнөөдөр тус сургуулийн ерөнхий менежерээр ажиллахын зэрэгцээ сургуулийн сагсны багийг өнөөдрийн өндөр амжилтанд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тууштай байж, эхлүүлснээ дуусгах нь миний гол зарчим гэж инээмсэглэн өгүүлэх тэрбээр өөрийн ажлын хамгийн сайхныг бидэнтэй хуваалцсан юм.
4
Н.Энхзаяа
СУРГУУЛИЙН РЕКТОР

Бидний үүсгэн байгуулсан Отгонтэнгэр Их Сургууль 25 дахь хичээлийн жилийнхээ намартай золгож байна. Сургууль маань анх  эрдмийн гараагаа Москва, Бээжингийн Их сургуулийг төгссөн орос, англи, хятад хэлний орчуулагч, эрдэмтэн Р.Гүрбазар, сургалт судалгааны ажлын олон жилийн туршлагатай доктор Д.Чимэг нарын олон ахмад багш судлаачдаар манлайлуулсан профессор багш нарын баг бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байв.

Эхний 10 жилд манай сургууль Эрх зүй, эдийн засаг бизнесийн удирдлага, сэтгүүл зүйн ангиуд нээн сургалт судалгааныхаа ажлын хүрээг өргөтгөн, профессор багш нарынхаа эгнээг ч шинэ хүч, эрдэм ухаанаар тэлж, хөдөлмөрийн гэх нэрээр хуульчид болон иргэдийн дунд алдаршсан эрдэмтэн Л.Баасан, эдийн засагч эрдэмтэн Д.Дорлигсүрэн, иргэний эрх зүйн нэртэй мэргэжилтэн Д.Наранчимэг нарын тухайн салбарынхаа тэргүүлэх мэргэжилтнүүд Отгонтэнгэр Их Сургуульд багшлах болсон юм.

Эдгээр жилүүдэд 2 багш хууль зүйн шинжлэх ухааны доктор (Ж.Амарсанаа, Л.Баасан), 3 багш боловсрол судлал, философи, хууль зүйн ухааны докторын зэрэг (Д.Оюунхорол, Б.Уранцэцэг, Б.Галиндэв) хамгаалж эх орныхоо төлөө мэргэн оюунаа өргөх эрдэмтдийн эгнээнд багтсан нь бидэнд урам зориг өгсөн юм.

Багшлах боловсон хүчнийхээ онол, арга зүйн мэдлэг чадварыг үргэлж хөгжүүлж, сургуулийн материаллаг баазаа өргөтгөж чадсан манай сургууль оюутны зах зээлийн өрсөлдөөнд эзлэх байр, нэр хүндээ ч бас өсгөсөн юм. Мэдээж энэ бүхэн төгсөгчидийн чадварыг ч дээшлүүлж, ажил эрхлэлтийн түвшинг 80 хувьд хүргэсэн. Залуу багш нар маань эрдмийн зэрэг хамгаалахдаа тодорхой нэг асуудлыг дагнан судалж, судалгааны ажлынхаа үр дүнг оюутнууд болон олон нийтэд хүртээхэд онцгой анхааран ажиллаж байна. Сүүлийн 3 жилд манай сургуулийн 8 багш нийгэм-хүмүүнлэгийн ухааны тулгамдсан асуудлаар судалгаа хийж эрдмийн зэрэг хамгааллаа. Тэдний ажлын чанар, хичээл зүтгэл нь бидний бас нэгэн бахархал юм.  

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ОТИС-ийн эрдэмтэн багш нар нийт 500 гаруй ном сурах бичиг, гарын авлага бичиж нийтийн хүртээл болгожээ.

ОТИС-ийн бүх хөтөлбөрүүд 2013-2015 оны хичээлийн жилүүдэд магадлал итгэмжлүүлсэн бөгөөд, цаашид сургалтын зарим хөтөлбөрүүдээ олон улсын мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж баталгаажуулах ажил эхлээд байна.

Бид сургалт-судалгааны их сургууль болох хэтийн зорилгодоо алхам алхмаар ойртсоор...

No1 дипломтой анхны төгсөгч. Дараа нь ОТИС-д герман хэлний багшаар ажиллаж байгаад Германы Гумбольтын их сургуульд суралцжээ. Эдүгээ Отгонтэнгэр ИС-ийн ректорын албыг хашиж байна.
2
Д.ДОРЛИГСҮРЭН
БАГШ НАРЫН БАГШ

“Хуучин цагт орос хэл шиг чухал эрдэм байсангүй. Харин одоо бол англи хэлний ач холбогдол эрс өсчээ. Би орос хэлийг сургуульд, англи хэлийг бие дааж сурсан хүн. Тийм ч учраас боломж л гарвал багш нартаа орчуулгын даалгавар өгдөг байлаа. Англи хэл огтхон ч гадарлахгүй, мэргэжлийнхээ нэр томьёог самбар дээр зөв бичиж чадахгүй багшид оюутнууд итгэхгүй шүү дээ. Ер нь хэл сурвал сэтгэлгээ хүртэл тэлдэг. Тиймээс заавал тухайн оронд нь очиж хэл сурах биш, зав зайгаа ашиглан үргэлж л суралцаж байх нь чухал. Оюутнууд ч гэсэн хэл сурах үйлсэд шамдан мэрийх хэрэгтэй.”

Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх профессор. Сүүлийн 40-өөд жил боловсролын салбарт ажилласан туршлагатай. Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан. Багш нарын дурсамж яриагаар бол, Дорлигсүрэн багшаар гадаад хэл заалгасан хүн маш олон. Нэг л мэдэхэд, бараг л хүчээр шахуу, “шавь” нь болчихсон байдгаа өдгөө ч гэсэн багш нар дурсан ярьдаг. Тэгвэл Дорлигсүрэн багш энэ тухайгаа ингэж ярьсан юм.
3
Л.АНАР-ЭРДЭНЭ
МАНЛАЙЛАГЧ

“Улсын сургуульд л бол ямар ч мэргэжлээр сурсан яах вэ гэсэн төөрөгдөл арван жилийнхний дунд түгээмэл байдаг. Бусад хүмүүс ч бас тэгж зөвлөдөг. Харин би дунд сургуулиа төгсөөд хэд хэдэн их сургууль дээр очиж сургалтын орчинтой нь биечлэн танилцсан. Үнэндээ Отгонтэнгэрийн хувьд улсын сургуулиудаас ер дутах зүйл байгаагүй. Тэр үед би сургууль биш, мэргэжлээ сонгох нь л хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон.”

ХЗС-ийн эрхзүйн ангийн оюутан, Оюутны холбооны тэргүүн. Отгонтэнгэр ИС-ийн Оюутны холбооны сонгууль Афины сонгодог ардчиллын зарчмаар жил бүрийн 4-р сард болдгоороо өвөрмөц. Оюутан бүр санал өгөх эрхтэй бөгөөд сонгуульд ялсан оюутан 9-р сард ажлаа хүлээж авах хүртлээ бүтэн жилийнхээ төлөвлөгөөг боловсруулдаг. Харин энэ удаад тэрээр Отгонтэнгэрт яагаад элсэн орох болсноо онцлон ярьсан юм.
14
Л.НИНЖЖАМЦ
ТЭРГҮҮНИЙ ТӨГСӨГЧ

“Отгонтэнгэр” их сургууль бол хамгийн анхны хувийн их дээд сургуулийн нэг. 1991 онд 3Отгонтэнгэр3 их сургууль элсэлтээ авахад дүү маань анхны хэлний ангид нь орж суралцаж байсан юм. Миний дүү Англи, Япон хэлийг өндөр түвшинд эзэмшсэн. Энэ нь төгсөгчиддөө чанартай боловсрол олгодог гэдгийг бодитоор харсан учраас ойр дотны минь олон ч хүн “Отгонтэнгэр” их сургуульд суралцаж төгссөн дөө.

“Отгонтэнгэр” их сургууль ёс зүйтэй хүн бэлддэг сургууль. Оюутнуудаа өндөр шалгуураар хасах, шигшихээ урьтал болгохоосоо өмнө оюутан бүрийг тэр өндөр шаардлагад тэнцэх мэдлэг чадвар, хандлагатай болгохын төлөө, бүх л талаар дэмжиж ажилладаг. Хэчнээн сайхан залуус эцэг эхийн мөнгөөр их дээд сургуулиудад сурч, эрдэмтэн багш нараар ном заалгачихаад “хулгайч” болоод муу нэртэй газарт орж байгааг хэлэх вэ? Тэгвэл “Отгонтэнгэр” их сургууль ёс зүйтэй хүн бэлддэг сургууль юм. Төлбөрийн нөхцлөө уян хатан байлгаж, спорт, урлагийн авъяастай, хөгжлийн бэрхшээлтэй, санхүүгийн хувьд бага орлоготой гэр бүлийн оюунлаг хүүхдүүдийг дэмжин сургадаг.

МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамц Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллахдаа олон хүнийг удирдаж, олон ч чухал үйл явцад гар бие оролцон, чухал шийдвэрүүдийг гаргахад өөрийн мэдлэг чадвараараа хувь нэмэр оруулж ирсэн, салбарынхаа чухал хүмүүсийн нэг. Их, дээд сургуулийн чансаа төгсгөсөн төгсөгчдөөрөө үнэлэгддэг. Анх 2006 онд энэ л жишгийн дагуу “Отгонтэнгэр” их сургуулийг сонгон элсэж байсан тэр өнөөдөр, өөрөө сургуулийнхаа нэрийг өндөрт өргөх, шинэхэн оюутнуудын үлгэр дуурайлал, урам зориг болох төгсөгчдийн нэг нь болжээ.
17
Э.НОМИН
ХАМГИЙН ЗАЛУУ БАГШ

“Хэл сурахад нууц гэж байдаггүй. Хэн сайн хичээж, нойрноосоо хумсална, тэр хүний хэлний мэдлэг эрс сайжирдаг. Хятад хэл сурч байгаа хүүхдүүдийн дунд Хятадад сурвал сайн гэсэн том төөрөгдөл байдаг. Үнэндээ тийм биш юм. Монголд ч гэсэн хятад хэлийг сайн сурч болно. Хамгийн гол нь хичээл дээр багштайгаа хятадаар ярих, гэртээ хятадаар зурагтын нэвтрүүлэг үзэх зэргээр орчноо зөв бүрдүүлэх нь чухал. Отгонтэнгэрийн оюутнууд дунд Хятадад дөрвөн жил сурсан хүүхдүүдээс илүү цэвэрхэн ярьж буй тохиолдол олон байдаг.“

14 настайдаа Отгонтэнгэрийн оюутан, 18-тайдаа Отгонтэнгэрийн багш болоод зогсохгүй 27 настайдаа Бээжингийн хэл соёлын их сургуульд докторын зэргээ хамгаалжээ. Хятад хэлний заах арга барилаараа хамгийн чадварлаг багш нарын нэгд тооцогддог тэрээр өдгөө Гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
18
Ү.АМАРБАТ
МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГА

Грекийн тэмцээн. “Мэтгэлцээн Грект үүссэн түүхтэй. Тийм ч учраас энэ жилийн тэмцээн “Мэтгэлцээн гэртээ ирлээ” уриан дор зохиогдсон. Харин манайд мэтгэлцээн 1999 оноос хойш дэлгэрсэн боловч нэг ч удаа энэ тэмцээнд оролцож байгаагүй. Энэ бол 400 гаруй их сургуулиуд оролцдог нүсэр тэмцээн л дээ. Тэдний дунд Харвард, Оксфордын оюутнууд ч бий. Тэмцээнд 7 сарын турш, маш эрчимтэй бэлдсэн. Ялангуяа англи хэлний мэдлэгээ эрчимтэй сайжруулсан. Ер нь тэмцээнд оролцоод ирэхэд ур чадвар, мэдлэгийн хувьд монгол оюутнууд ер дутахгүй гэдэг нь харагдсан.”

Мэтгэлцээнийг дэлгэрүүлэхүй. “Эргэж ирснээс хойш ганцхан том зорилго өмнөө тавьсан нь “Дэлхийн аваргыг төрүүлэх”, “Мэтгэлцээний үндэсний их сургууль“ болох явдал юм. Үүнийг сургуулийн зүгээс ч их дэмжсэн. Ингээд Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд дээр Мэтгэлцээн хөгжил гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол оюутнуудын хамгийн гол сул тал бол хэлний мэдлэг. Сайн мэтгэлцдэг нь хэлгүй, хэлтэй нь мэтгэлцдэггүй тул богино хугацаандаа бол хэлтэй хүмүүст мэтгэлцэж сургах, урт хугацаандаа бол сайн мэтгэлцдэг хүүхдүүдэд давхар хэлний мэдлэг олгоно гэсэн зорилттой байна.”

ХЗС-ийн төгсөгч төдийгүй багш. “Тулах цэг” мэтгэлцээний клубын үүсгэн байгуулагчдын нэг. 2016 онд Грект болсон дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд Отгонтэнгэр ИС-ийг төлөөлөн Монгол Улсаас анх удаа мэтгэлцээний баг болж оролцсон. Үндэсний мэтгэлцээний аварга гэх эрхэм алдартай. Тиймээс Амарбатыг үгээр буулгаж авна гэдэг тийм ч амар зүйл биш шүү.
19
Н.НЯМДОРЖ
ЛИГИЙН АВАРГА

“Би багаасаа л жудо барилдсан. Бас аав маань улсын харцага цолтой бөх хүн. Оюутан болоод сагс тоглож эхлэхэд аав тийм ч дуртай байгаагүй. Аргагүй л дээ, бөх хүүгээ сагсчин болчихно гэж хэн санах билээ. Нэг удаа тэмцээнийг минь үзчихээд аав “Тамирчин хүн хэчнээн ядарсан ч нурмайх ёсгүй. Бөх ч бай, сагс ч бай ялгаагүй, шийдэмгий, цуцашгүй байх хэрэгтэй” хэмээн сагс тоглохыг минь битүүхэндээ зөвшөөрсөн шинжтэй хэлж билээ. Тэр үгийг одоо болтол би мартдаггүй юм. Тэр жилдээ манай баг Спрайт Б лигийн аварга болсон юм даг. Залж ч чаддаггүй, зүглүүлээд шидэхээс хэтрэхгүй жудоч хүүд сагсанбөмбөгийн тухай бүгдийг эхнээс нь зааж сургасан хүмүүс бол мэдээж манай багийнхан юм.”

ХЗС-ийн Бизнесийн эрх зүйн ангийг 2011 онд төгссөн. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт хүчний довтлогчийн байрлалд тоглож байсан тэрээр оюутан болохоосоо өмнө огт сагс тоглодоггүй байв. Одоо тэрээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажилладаг.
20
Э.БААСАНДОРЖ
БРАЗИЛД ОЧСОН ОЮУТАН

“Сургуулийн маань сагсны шигшээ их алдартай л даа. Харин хөлбөмбөгчдийн нэр хүнд тун маруухан талдаа. Яг л ийм үед бид багаа бүрдүүлсэн юм. Ер нь оюутнууд өөрсдийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй юм билээ. Дутуу үнэлснээс л олон боломжоос хоцордог юм шиг санагдсан. Бас аливаад тууштай, идэвх зүтгэлтэй хандахын чухлыг ойлгосон. Дуулиан тэмцээний дараа хагас шигшээд шалгарсан багийн оюутнууд Дэлхийн зөнгөөс зохион байгуулсан “Залуучуудын оролцоо ба эрүүл мэнд” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцсон юм. Оюутнуудын ихэнх нь хойрго хандсан боловч би уулзалт бүрийг тасалдаггүй байлаа. Ингээд хэлэлцүүлгийн дараа нэг л мэдэхэд Бразил явах оюутнуудын тоонд багтчихаж билээ. Бүр монгол оюутнуудаа ахалж явсан шүү. Бразилын далайн эргийн нарлаг хотод олон орны залуучуудтай дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн нь аливаад тууштай хандсаны минь бас нэгэн том шагнал гэж би боддог.”

ЭЗБУС-ийн Санхүүгийн удирдлагын ангийг 2016 онд төгссөн. Гудманд бөмбөг өшиглөж өссөн тэрээр оюутан болоод хөлбөмбөг, хичээл хоёрыг хослуулж чадаагүйгээс их сургуулиа орхихоос өөр аргагүйд хүрчээ. Гэвч тэр дахин нэг удаа даагаа нэхэхээр шийдсэн нь Отгонтэнгэр ИС байв. Их сургуулиудын дундахь Дуулиан тэмцээнд анх удаа түрүүлж, шилдэг тоглогчоор нэрлэгдэхийн хажуугаар хичээлээ ч бас орхигдуулаагүй байна.
21
Э.ӨНӨРСАЙХАН
МӨРӨӨДӨЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ

“Боловсролтой хүн гэж төлөвшсөн хүнийг л хэлдэг. Төгссөний дараа харилцааны энгийн чадварууд л хамгийн гол давуу тал болдог юм билээ. Наад зах нь, цагийн юмыг цагт нь хийхээс л эхэлнэ. Дадлага хийхдээ хүртэл кофе зөөдгийг нь бүү сонго. Оволзсон, ажил ихтэй компанид ажиглаж сурах уу, аль эсвэл сайн удирдагчийг дагаад шинэ зүйл туршиж үзэх үү гэдгээ нухацтай бодож тунгаах нь чухал.”

2011 онд Санхүүгийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Гэвч өдгөө менежментийн салбарт ажилладаг төдийгүй хувийн компаниа үүсгэн байгуулжээ. Үүний учир холбогдол гэвэл, 2009 онд Отгонтэнгэрийн оюутнууд Менежментийн улсын олимпиадад анх удаа аваргалсан юм. Өнөрсайхан тэдний нэг байлаа.
22
Э.МИЧИДМАА
БАГШИЛДАГ ОЮУТАН

“Хэл сайн суръя гэвэл өдөр бүр алгасахгүй давтах нь л чухал. Би сурагч байхаасаа л өдөр бүр 4-5 нүүр ханз бичиж, багш нартайгаа аль болох хятадаар ярьж, завтай үедээ хятад дуу сонсож хэвшсэн. Бас ном унших нь их үр дүнтэй арга. Хажуугаар нь, бага ангийн сурагчдад хичээл заасан нь хэлэндээ улам сайжрахад нөлөөлсөн. Ер нь заавал гадагш явалгүй, Монголдоо гадаад хэлийг сайн сурах бүрэн боломжтой. Хэл сурахад хамгийн чухал зүйл бол хичээл зүтгэл юм.”    

Хятад хэлний ангийн оюутан.  Ахлах ангиасаа бага ангийн  сурагчдад хятад хэлний хичээл  гэрээр зааж эхэлжээ. Хятадад  нэг ч удаа очиж үзээгүй  хэрнээ хятад хэлний түвшин  тогтоох HSK шалгалтад 5  оноо авсан байна. Үүнээс гадна  тэрээр Хятадын элчин сайдын  нэрэмжит тэтгэлэгт оюутан  юм.
23
П.Буман-Аюуш
Боломжийн араас

Англи хэлээ сайжруулсан минь. “Англи хэлний сонгоны ангийг төгсөөгүй л бол ихэнх сурагчид англи хэлэндээ тааруухан байдаг. Би тэдний нэг л дээ. Дүрмээ мэддэг ч ярьж чаддаггүй, өгүүлбэрээ сонссон ч ойлгож чаддаггүй байв. Ингээд Отгонтэнгэр ИС-д элсэн ормогцоо хэл сурч байсан өмнөх арга барилаа эрс өөрчлөхөөр шийдсэн. Хэл сурна гэдэг жаахан хүүхэд хэлд орохтой адилхан юм билээ. Бид дүрэм заалгаж ярьж сурдаггүй шүү дээ. Нэг үгээр, хэтэрхий их бодох нь хэл сурахад садаа болоод байсныг ойлгосон. Тиймээс би англи хэл дээр кино үзэж, мөн алдартай илтгэлүүдийг сонсдог болов. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, гадаад үгийг нэг нэгээр нь биш, өгүүлбэрт орсноор нь цээжилбэл илүү үр дүнтэй санагдсан.”

Солилцооны хөтөлбөрт тэнцсэн минь. “Тайвань явахын тулд англи юм уу хятад хэлэндээ сайн байх ёстой. Нэгдүгээр курсээсээ эхлэн англи хэлээ сайжруулсан тул солилцооны хөтөлбөрт огт асуудалгүй тэнцсэн. Тэр жил хоёр оюутан, нэг багш явсан л даа. Очоод хэлний мэдлэг минь улам сайжирсан. Чих онгойно гэж ярьдаг даа, яг л тийм юм болсон. Олон орны оюутнууд солилцоогоор ирж суралцдаг болохоор бүгдтэй нь англиар ярих шаардлага гардаг. Тэнд би Дэвид гэдэг америк найзтай болсон. Тэр сагс тоглохдоо муу, харин би сайн. Тиймээс түүнд сагс тоглохыг зааж өгдөг байв. Мэдээж тэр надад англиар хэрхэн сайн ярихыг заасан.”

Өрсөлдөөнийг мэдэрсэн минь. “Монгол гуравхан сая хүн амтай учраас өрсөлдөөн бага юм шиг санагддаг. Тайвань гэхэд 23 сая хүнтэй. Дээрээс нь жижигхэн газар нутагтай учраас оюутнуудынх нь өрсөлдөөн маш их. Миний үеийн ази оюутнууд бүхий л зүйл дээр мэрийж хичээж байгааг хараад хор шар хөдөлсөн шүү. Тиймээс энд ирээд улам их хичээх болсон. Англи хэлээ ч сайжруулсан. Ер нь оюутан байх хугацаандаа аяллаар ч юм уу, солилцооны хөтөлбөрт хамрагдаад гадаад ертөнцөд үеийнхэн чинь хэрхэн өрсөлддөгийг нүдээр үзчих хэрэгтэй юм билээ.”

ЭЗБУС-ийн Олон улсын менежментийн ангийн оюутан. Тэрээр хоёрдугаар курсийнхээ хавар солилцооны хөтөлбөрт хамрагдан Тайваний Мин Чуаны их сургуульд суралцжээ. Энэ хөтөлбөрт тэнцсэн гол шалтгаан нь түүний англи хэлний мэдлэг байв. Гэхдээ сурагч байхдаа англи хэлэндээ тийм ч мундаг байгаагүй гэнэ. 
24
Н.Баасандамба
Зурагтаар гардаг ах

Сэтгүүлзүйн төлөв. “Хэдэн жилийн өмнө, телевиз, сонин хоёр мэдээлэл өгдөг гол хэрэгсэл байлаа. Одоо бол хүн бүр мэдээлэгч болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн сэтгүүлчдийн гарт байсан хүч чадал одоо хүн бүрт байна гэсэн үг. Тэгэхээр орчин үеийн сэтгүүлчдийн бусдаас ялгарах гол онцлог мультмедиа чадвар болчихоод байна. Сэтгүүлзүйн хэрэглэгчид технологийн хөгжлөөс үүдээд, маш хурдтай, цаг хугацааг хэмнэсэн, нэг юман дээр удаан тогтохыг хүсдэггүй болчихож. Тиймээс хэрэглэгчдийн хурдыг гүйцэхийн тулд сэтгүүлч өөрөө хурдтай байх ёстой. Харин сэтгүүлчийн хурдыг мультмедиа чадвар л нөхнө. Олон хэрэгсэлтэй харьцаж, тэдгээрийг ашиглаж сурах нь мультмедиа чадварын эхлэл юм шүү дээ.”

Оюутнуудад хандаж хэлбэл. “Хэрэв хүсэх л юм бол, хүн бүр сошиал ертөнцийг хувийнхаа “мэдээллийн хэрэгсэл” болгон ашиглах боломжтой. Тиймээс нэгдүгээр курсийн оюутнууд фэйсбүүкээ идэвхтэй хөтлөхөөс сэтгүүлч болох гараагаа эхэлмээр байгаа юм. Зүгээр нэг зураг постлох төдий бус, оронд нь өөрийгөө сэтгүүлч гэж үзээд, фэйсбүүк дээрээ жижиг сурвалжлага, мэдээ бичээд хэвшчихвэл дөрвөн жилийн дараа гэхэд дадлага туршлагатай сэтгүүлч болчихно шүү дээ. Заавал ажил дээр гарсныхаа дараа, сэтгүүлчээр ажиллах гэж хүлээх хэрэггүй юм. Товчхондоо, сурахын хажуугаар өөрийгөө сэтгүүлзүйд бэлдэх талбар бол сошиал ертөнц юм шүү.” 

2002 онд сэтгүүлзүйн ангийг төгссөн. Өдгөө Ийгл ньюс телевизийн ахлах редактор. Тэрээр орчин үеийн сэтгүүлзүйн ертөнцөд оюутнууд өөрсдийгөө хэрхэн бэлдэх ёстой талаар ярьсан юм.
16
Б.Ану-Үжин
Дэлхийн оюутан

Оюутны холбоо. “Оюутны холбоонд ажиллана гэдэг амар зүйл биш. Хурал хэдэн цагаар ч үргэлжилж мэднэ. Хичээлийн хажуугаар үйл ажиллагаандаа оролцоно гээд л хувь хүнээс их зүйл шаарддаг. Гэсэн ч би бүх зүйлийг сэтгэлээсээ хийж, түүнээсээ урам зориг, эрч хүч авдаг байлаа. Нэг үйл ажиллагаагаа амжилттай дуусгаад санаа амрах биш дараа нь ямар ажил зохион байгуулах вэ гэж боддог байж билээ. Тиймдээ ч би холбоо зөвлөлийнхөө гишүүдэд өндөр шаардлага тавьдаг байв. Миний бодлоор удирдагч хүн дээрээс даалгавар өгөх биш, өөрөө хамтдаа дунд нь орж идэвхжүүлэн ажиллаж байж жинхэнэ удирдагч болно гэж боддог.”

Захих үг. “Америкт сурахад өрсөлдөөнийг өдөр бүр мэдэрдэг. Яагаад гэвэл хэдэн сая хүнтэй ийм том улсад хэн илүү сэргэлэн авхаалжтай, ухаантай байна, түүнд л боломж илүү нээгдэнэ гэсэн үг. Тиймээс чамтай яг адилхан хэдэн мянган оюутан байгааг санан өөрийгөө хурцалж, томоор сэтгэх хэрэгтэй. Надад монгол оюутнууд бага зэрэг урсгалаараа юм шиг санагдаад байдаг. Тэрнээс биш мэдлэг оюунаараа аль ч улсын оюутнуудаас илүү шүү.” 

2015 онд Олон улсын худалдааны менежментийн ангийг төгссөн. Одоо бол АНУ-ын Линкольн их сургуульд суралцаж буй. Оюутны холбооны гишүүнээс дарга хүртэл дэвшсэн түүнийг хамгийн нэр хүндтэй, үлгэр жишээч дарга гэдгээр нь багш оюутнууд андахгүй.
25
Д.Сүрэнчимэг
Өөрчлөгч

“Эхлээд би оюутнуудаасаа их сургуулийн оюутан болсноор чиний амьдралд юу өөрчлөгдөх вэ гэж асуугаад эсээ бичүүлдэг байв. Гэтэл хариултууд нь нэг л болж өгдөггүй, дэндүү дэврүүн үгстэй. Дараа нь аргаа бага зэрэг өөрчлөхөөр шийдэж, хэрэв чамд долоохон хоногийн нас үлдсэн бол чи юу хийх байсан бэ гэж асуултаа өөрчиллөө. Тэгсэн оногдсон цөөхөн минутандаа оюутнууд маань маш их зүйлийг эргэцүүлэн бодож байгаа нь ажиглагдав. Бүр бүх айдсаа уудалж бичдэг. Өнөөг хүртэл хэчнээн бага зүйлийг хийж бүтээснээ ухаарч ойлгодог. Тэгмэгц нь, “Бурхан чамайг өршөөчихлөө, харин одоо чи юу хийх вэ?” гэж үргэлжлүүлээд асуухад оюутнууд маань өөрийнхөө ирээдүйг нухацтайгаар, үнэн сэтгэлээсээ тунгаан боддог. Ердөө хоёрхон асуултын хооронд оюутнууд маань өөрчлөгдөж сурч хөгжих, мэргэжил эзэмших цаг хугацаагаа юунд, хэрхэн зориулахаа өөрөөр харж эхэлдэг. Сонирхуулахад, тэр эсээнүүд одоо ч надад бий. Тэд өнөөдөр улс орондоо өөр өөрийн байр суурийг эзэлсэн том том мэргэжилтнүүд болсон. Олон жилийн дараа өөрийнхөө юу бичиж байснаа үзэх боломж оюутнуудад маань өнөөдөр ч гэсэн бий шүү.”

Анхны төгсөгчдийн нэг. Дараа нь сургуульдаа багшилсан төдийгүй анхны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. Одоо тэрээр байгууллагын хөгжлийн сургалтаараа салбартаа танигдсан “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн захирал юм.
15