Отгонтэнгэр их сургууль, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс хамтарч "Сэтгэлээ нээ" аяныг 2022-2023 оны хичээлийн жилийн турш хэрэгжүүллээ.

Тус аяны хүрээнд ОТИС-ийн Сэтгэл зүйн төв БЗД-ийн ЕБС-ийн Боловсролын сэтгэл зүйчдэд 7 удаагийн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж, БЗД-ийн ЕБ-ын 31 сургуулийн ахлах ангийн сурагчдад сэтгэл зүйн лекц уулзалтыг зохион байгуулж, ОТИС-ийн сэтгэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг ментор оюутнаар бэлтгэж үе тэнгийнхэнд чиглэсэн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн ахлах сурагчдад ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйчид сэтгэл зүйн оношилгоо, үнэлгээ хийж, сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм. Энэхүү аян нь өсвөр насны сурагчид сэтгэл зүйн асуудал бэрхшээлээ амжилттай даван туулж, сэтгэл зүйгээ таньж мэдэж, удирдан жолоодох ойлголт мэдлэг олж авсан, боловсролын сэтгэл зүйчид ажил мэргэжилдээ шинэ арга зүй мэдлэг, ур чадвар эзэмшсэн ач холбогдолтой аян боллоо хэмээн сэтгэл зүйч, мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

Тус аяны тайлангийн уулзалтад ОТИС-ийн захирал доктор, дэд профессор Н.Энхзаяа, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор Б.Энхбаяр, ОТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч нар, БЗД-ийн Боловсролын сэтгэл зүйч нар оролцож тайлангийн хэрэгжилт, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өглөө.