Отгонтэнгэр их сургууль нь "Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний хурлыг үндэсний болон олон улсын хэмжээнд 11 дэх жилдээ Улаанбаатар хотоос гадна Дархан уул аймаг, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймгийн СӨБ, ЕБС их дээд сургуулийн  нийт 126 эрдэмтэн багш, судлаачдын 70 илтгэл ирүүлснээс 57 илтгэл “Хүүхдийн хөгжил төлөвшил-2023” эмхэтгэлд хэвлэгдэж, 37 илтгэлийг салбар хуралдаанаар сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилийн зорилгод дэвшүүлсэн:

- Хүүхдийн нийгэм сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, эрүүл аюулгүй орчинд амар тайван суралцах зорилгын хүрээнд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ

- Боловсрол эзэмшихэд тулгарч байгаа бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломж бүрдүүлэх зорилгын хүрээнд ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ

- Цэцэрлэг, сургуульд суурилсан менежментийг сайжруулах зорилгын хүрээнд  ЕБС,СӨБ - ЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ  гэсэн гурван салбар хуралдаанаар  зохион байгуулсан.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох “Боловсролын ерөнхий газар”, “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “JICA олон улсын байгууллага”олон улсын байгууллага, “Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциаци” зэрэг төр төрийн бус байгууллагатай хамтран салбарын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцэж нийгэм, боловсролын салбарынханд таниулах, туршлага солилцох, судалгааны үр дүнг эргэлтэд оруулж, хэрэглээнд нэвтрүүлэх туршлагаа хуваалцах, тодорхой асуудлыг хэлэлцэх зорилготой юм.

Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал нь улс үндэстний хүний хөгжлийн суурь, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог учир төр засгийн төдийгүй, иргэн бүрийн анхааралд байдаг чухал сэдэв  юм.