Европын холбооны санхүүжилттэй Erasmus+MONGWBL “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” олон улсын хамтарсан төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалтын уян хатан загвар бүхий хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, олон улсын туршлага солилцох сургалт” 2023 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд боллоо. Сургалтыг Европын холбооны оролцогч Грек улсын Македоны их сургууль зохион байгуулсан бөгөөд сургалтад БШУЯ, их сургуулиуд, Монголын аялал жуулчлалын холбоо, Төрийн банк, Голомт банк, Францын Лионы их сургууль, Румын улсын Трансилванын их сургууль зэрэг бүх оролцогч байгууллагын 50 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдав.

Энэ удаагийн сургалтаар ажлын байранд суурилсан сургалтын хэрэгжилт, Грек улсын дээд боловсролын салбарт нэвтрүүлсэн туршлага, ажлын байранд суурилсан сургалтын ач холбогдол зэрэг агуулгыг багтаасан төдийгүй Тессалоники хотын аялал жуулчлалын төрийн байгууллага, тур оператор, дээд зэрэглэлийн зочид буудал зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, дагалдан суралцагч оюутнуудтай уулзах, төгсөөд үндсэн ажилтнаар ажиллаж байгаа төгсөгчдөөс санал зөвлөмж авах гэх мэтээр туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Мөн Македоны их сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэгч бүх оролцогч талууд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай туршлагаа хуваалцлаа. Ажлын байранд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх нь оюутнуудад ямар өгөөжтэй байсан, сургалт, дадлага хоёрыг хэрхэн хослуулан хөтөлбөрөө хэрэгжүүлсэн туршлагаасаа багш нар танилцуулсан бол оюутнууд ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, өөрийн хөгжлийн карьераа олж авсан тухайгаа мөн хуваалцлаа. Сургалтад оролцож байгаа ажил олгогчдын зүгээс оюутнуудыг хэрхэн үнэлэх, ажлын байран дээр нь ямар төрлийн сургалтуудад хамруулах болон хатуу ба зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэх чиглэлийн ур чадваруудыг олгох, тухайн ажил мэргэжил, салбарынхаа онцлогийг танин мэдэх, тухайн компанийн соёлтой танилцах, байгууллагын дүрэм журам, бусад шаардлагатай сургалт, танилцуулгад сууж, байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсанаар дасан зохицох процесст тодорхой хугацааг зарцуулдаг тухай ярилцлаа.

Энэхүү төслийн үр дүнгээр ОТИС-н нийт хөтөлбөрүүдэд Ажлын байранд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх ажил эхлээд байна.