Отгонтэнгэр Их сургуулийн багш, доктор Ц.Баярмаа Тайландын Вант улсын Чуларанкорн Их сургуулийн Ази судлалын тэнхимийн урилгаар Солонгос Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоод ирлээ. Монголын Солонгос хэл судлал, их дээд сургуулиудын сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдвээр тавьсан түүний илтгэлийг олон улсын судлаачид ихээхэн сонирхон хэлэлцжээ. Уг хуралд БНСУ, Япон, БНХАУ, Вьетнам зэрэг Азийн 12 орны их дээд сургуулийн эрдэмтэд өөрсдийн улс орны Солонгос хэл, судлал, судлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ирээдүйн хөгжлийн бодлогыг хэлэлцэж санал бодлоо хуваалцсан. Тайландын вант улсад Солонгос хэл, Англи хэлний дараа эрэмбэлэгддэг бөгөөд сонирхон судлах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Тиймээс элчин сайдын яамныхаа дэргэд Солонгосын боловсролын төв, соёлын төвийг нээн оюутан сурагчдад зориулсан олон ажлыг зохион байгуулахаа БНСУ-ын бүрэн эрхт элчин сайд мэдэгджээ. Тайландын вант улсын олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОТИС-иас анх удаа Ц.Баярмаа багш илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд цаашид сургалт судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.