Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2026 оны 10 сарын 8

Erasmus+RETEACH төслийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг боллоо

Erasmus+RETEACH төслийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг боллоо

Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй Erasmus+RETEACH төслийн хүрээнд “Багш бэлтгэх тогтолцоог ногоон болон дижитал ур чадварт шилжүүлэх үйл ажиллагааны чиглэл” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Боловсролын яаманд боллоо.

Тус хэлэлцүүлэг нь багш бэлтгэх боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих, ногоон болон дижитал чадамжид суурилсан багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Мөн Монгол Улсын багш бэлтгэх тогтолцоог ногоон болон дижитал шилжилтийн зорилтуудтай уялдуулан шинэчлэх, багш нарын мэргэжлийн чадамжийг хөгжүүлэх, мөн 2027–2032 оны дунд хугацааны бодлогын баримт бичигт оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусгах асуудлыг онцлон авч үзэв. Зохион байгуулагчдын зүгээс хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг үйл ажиллагааны чиглэлд тусган, багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг дэмжих, ногоон болон дижитал чадамжтай багш бэлтгэх бодлогын хэрэгжилтийг урагшлуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэгч их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл, RETEACH төслийн зохицуулагч болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл, багш, судлаачид, суралцагчид оролцож, төслийн хэрэгжилт, багш бэлтгэх тогтолцооны ногоон болон дижитал шилжилтийн үйл ажиллагааны чиглэл, багшийн ногоон болон дижитал чадамжийн хүрээ зэрэг үндсэн сэдвээр илтгэл танилцуулж, оролцогчид санал бодлоо солилцон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулав.

Зурагнууд

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ