ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ОЮУТАН, МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ “МАНЛАЙЛАГЧ 2025” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Отгонтэнгэр Их Сургуулийн нийт оюутнуудаас сурлага, эрдэм шинжилгээ судалгаа, урлаг спортын амжилтаараа хошуучлан манлайлагчдыг шалгаруулан, олон нийтэд таниулах, үүсгэн байгуулагч болон төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийг гардуулж оюутныг дэмжин урамшуулах.

  1. Отгонтэнгэр Их Сургуулийн “Манлайлагч шилдэг оюутан”
  2. Отгонтэнгэр Их Сургуулийн “Шилдэг төв, клуб, дугуйлан”
  3. Салбар сургууль бүрийн “Манлайлагч тэргүүний оюутан”
  4. Салбар сургууль бүрийн “Манлайлагч удирдагч оюутан”
  5. Салбар сургууль бүрийн “Манлайлагч судлаач оюутан”
  6. Салбар сургууль бүрийн “Урлаг, спортын манлайлагч оюутан”
  7. Салбар сургууль бүрийн “Манлайлагч хамт олон”

Хугацаа:

  1. Салбар сургууль тус бүр 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилдэг оюутнуудаа шалгаруулах бөгөөд арга хэмжээ зохион байгуулах комисст манлайлагчдын материалыг хүргүүлнэ.
  2. 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13.00 цагаас шалгарсан оюутан, хамт олны нэгдсэн зураг авах үйл ажиллагаа болох бөгөөд салбар сургуулиуд зохион байгуулалттайгаар оролцоно.
  3. Отгонтэнгэр Их Сургуулийн шилдгийн шилдэг оюутнуудыг шалгаруулах үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15.00 цагт ОТИС-ийн хурлын зааланд болно.

Хамрах хүрээ:

            Отгонтэнгэр Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа өдрийн ангийн оюутнууд, анги хамт олонд нээлттэй.

Манлайлагч оюутанд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

Отгонтэнгэр Их Сургуулийн “Манлайлагч шилдэг оюутан”

  1. Бүтцийн сургууль тус бүрээс шалгарсан Манлайлагч тэргүүний оюутнуудын материалыг үндэслэнэ.

Отгонтэнгэр Их Сургуулийн “Шилдэг төв, клуб, дугуйлан”

  1. Үйл ажиллагаа нь тогтвортой байх (зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай байх)
  2. Сургууль болон гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байх
  3. Сургалт болон олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулсан байх
  4. Нийгэмд чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх
  5. Төв, клуб, дугуйлангийн гишүүд сургалт, эрдэм шинжилгээ, урлаг спортын зохих амжилт гаргасан байх
  6. Төв, клуб, дугуйланг төлөөлөн улсын хэмжээнд болон их дээд сургууль, бусад байгууллагаас зарласан уралдаан тэмцээн, арга хэмжээнд оролцсон, байр эзэлсэн бол давуу тал болно
  7. Сургууль, мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд оролцсон бол давуу тал болно

Манлайлагч тэргүүний оюутан:

  1. ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
  2. Дөрөв ба түүнээс дээш улирал дараалан А үнэлгээтэй суралцсан сурлагын амжилттай байх, голч дүн 3.75-аас дээш байх
  3. Хичээлийн цагийн таслалтгүй байх
  4. Сургалтын төлбөрийн тооцоогүй байх
  5. Эрдэм шинжилгээний ажлын оролцоо, үр дүн (сургуулийн хэмжээнд 2 болон түүнээс дээш удаа илтгэл хэлэлцүүлсэн байх, улсын хэмжээнд болон олон улсын 1-ээс дээш илтгэл хэлэлцүүлсэн байх, оролцсон эрдэм шинжилгээний хурлуудад амжилт гаргасан байдал)
  6. Олон нийтийн ажилд оролцсон байдал, үр дүн (сургуулийн болон бусад байгууллагын хэмжээнд олон нийтийн ажил санаачлан зохион байгуулсан, идэвхтэй оролцсон байдал)
  7. Хичээлээс гадуур сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, ур чадвараа хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдсан бол давуу тал болно.

Манлайлагч удирдагч оюутан:

  1. ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
  2. Анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхтэй байх
  3. Амжилттай суралцдаг байх
  4. Олон нийтийн ажилд манлайлан оролцдог байх
  5. Удирдан зохион байгуулах авъяастай /оюутны холбоо, зөвлөлийн идэвхтэн гишүүн, төв, клуб, дугуйлангийн ахлагч байх нь уг шалгуурын гол хэсэг байна/
  6. Өөрөө болон хамт олноо уриалан олон талт санаачлага гаргасан байх
  7. Салбар сургуулийн оюутны зөвлөлөөс тодорхойлолт авсан байх

Манлайлагч судлаач оюутан:

  1. ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
  2. Анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхтэй байх
  3. Шалгалтын болон сургалтын төлбөрийн тооцоогүй байх
  4. Хичээлийн цагийн таслалтгүй байх
  5. Эрдэм шинжилгээний ажлын оролцоо, үр дүн (сургуулийн хэмжээнд 4 болон түүнээс дээш удаа илтгэл хэлэлцүүлсэн байх, улсын болон олон улсын хэмжээнд 2-оос дээш илтгэл хэлэлцүүлсэн байх, оролцсон эрдэм шинжилгээний хурлуудад амжилт гаргасан байх)
  6. Судалгаа шинжилгээний баг, ажлын хэсэгт дадлагажигч болон туслах байдлаар оролцсон бол давуу тал болно

Урлаг, спортын манлайлагч оюутан:

  1. ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
  2. Анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхтэй байх
  3. Суралцах хугацаандаа болон түүнээс өмнө урлаг, спортын өндөр амжилт гаргасан байх
  4. Хичээлийн цагийн таслалтгүй байх
  5. Сургалтын төлбөрийн тооцоогүй байх
  6. Урлаг, спортын ажлын оролцоо үр дүн (сургуулийн хэмжээнд болон улс, олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд ОТИС болон Монгол улсыг төлөөлөн оролцсон байх)
  7. Сургуулийн болон бусад байгууллагын хэмжээний олон нийтийн ажил, урлаг спортын ажлуудыг санаачлан зохион байгуулсан, идэвхитэй оролцсон байвал давуу тал болно.

Манлайлагч анги, хамт олон:

  1. 2024-2025 оны хичээлийн жилд тухайн анги хамт олны сурлагын амжилт 75%-аас дээш, чанар 70%-аас дээш хувьтай байх
  2. Анги хамт олон таслалтгүй байх
  3. Сургалтын төлбөрийн зөрчилгүй байх
  4. Дахин шалгалтад орсон оюутны тоо ангийн нийт оюутны тоотой харьцуулахад 10%-аас илүүгүй байх
  5. Отгонтэнгэр Их Сургуулийн оюутны холбооноос зохион явуулдаг анги сурталчлах аян, анги хамт олноороо оролцох ажлуудад идэвхитэй оролцсон байдал (ажлыг жагсаалтаар гаргах ба Оюутны холбооны шалгаруулалтын дүнг харгалзан үзнэ)
  6. Ангийн оюутнуудын дунд манлайлагч, судлаач оюутнууд олон байх нь давуу тал болно.
  7. Сургууль, мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд оролцсон бол давуу тал болно.

Шалгаруулах журам:

Отгонтэнгэр Их Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар дараах номиннацад тус бүр нэгийг шалгаруулна. Бүтцийн сургуулиудын “Манлайлагч тэргүүний оюутан”-аас 1 оюутан, “Шилдэг төв, клуб, дугуйлан”-аас 1 –ийг тус бүр шалгаруулна.

  1. Отгонтэнгэр Их Сургуулийн “Манлайлагч шилдэг оюутан”
  2. Отгонтэнгэр Их Сургуулийн “Шилдэг төв, клуб, дугуйлан”

Бүтцийн сургууль бүр материалаа хугацаандаа ирүүлсэн оюутан, хамт олноос дараах номиннацад тус бүр нэгийг шалгаруулна.

  1. Манлайлагч тэргүүний оюутан
  2. Манлайлагч удирдагч оюутан
  3. Манлайлагч судлаач оюутан
  4. Урлаг, спортын манлайлагч оюутан
  5. Манлайлагч хамт олон

Нийт бүтцийн сургууль бүрээс 4 оюутан, 1 анги хамт олон, ОТИС-ийн хэмжээнд нийт 8 оюутан, 2 анги хамт олон, 1 төв, клуб, дугуйланг шалгаруулна.

Шагнал урамшуулал:

  1. Манлайлагчаар шалгарсан оюутан, анги хамт олонд өргөмжлөл, тэмдэг гардуулж сургуулийн хүндэт самбарт зураг мэдээллийг байршуулан алдаршуулна.
  2. Манлайлагчаар шалгарсан оюутны эцэг, эх (асран хамгаалагч)-ийн байгууллагын удирдлага, эсвэл төгссөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, ангийн багшид үүсгэн байгуулагчийн болон ОТИС-ийн талархлын захидал хүргэнэ.
  3. Манлайлагч хамт олонд сургуулийн спорт зааланд 3 удаа нийт 6 цаг хамт олноороо үнэ төлбөргүй тоглох эрх олгоно.

Зохион байгуулах комисс