БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуулийн Монгол Судлалын сургуулиас өнгөрсөн долоо хоногт “Монголын нууц товчоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. БНХАУ, Тайвань, Монгол, ОХУ, АНУ, Япон, Солонгосын нэг зуу гаруй эрдэмтэд “Монголын нууц товчоо”-ны хэл соёл, утга зохиол, түүх гэсэн гурван чиглэлээр илтгэлээ хэлэлцүүлжээ. Энэ удаагийн хуралд Монголоос гуч гаруй эрдэмтэн судлаач оролцсон бөгөөд Отгонтэнгэр Их сургуулийн багш доктор С.Алтантуяа амжилттай оролцоод ирсэн юм. Сүүлийн үед Монголын нууц товчоог судлах судлаачидын тоо өсөж судалгааны олон шинэ салбарууд нэмэгдсэн нь энэхүү хурлаас харагдаж байлаа. Хурлын үеэр Өвөр Монголын Их Сургуулийн дэргэд “Монголын нууц товчоог судлах төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд эрхлэгчээр ӨМИС-ийн МСДС-ийн багш доктор, профессор Бүрэнбатыг томилсон юм. Энэхүү төв нь “Монголын нууц товчоо”-ны судлалыг өргөжүүлэн гүнзгийрүүлж, энэ чиглэлийн судалгаа шинжилгээг дэмжин ажиллах зорилготой юм байна.