Монголын Үндэсний олон нийтийн телевизийн долоо хоног тутмын англи хэл дээрх Face to face нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь илүү сайн мэдэх орчуулагч Э.Содонтогос өнөөдөр ОТИС-ын оюутан залууст илтгэл тавьлаа. Ярианы эхэнд Монгол мэдлэг, эх хэлний гайхамшгийг мэдэрсэн цагт гадаад хэлийг сурах хэрэгтэй. Нэгэнт сурсан цагт ертөнцийг ганц бус олон өнгөөр харах боломжтойг илэрхийлээд суралцах хугацаандаа тулгарч байсан хөгжилтэй сонирхолтой дурсамжаа хуваалцлаа.
Түүнчлэн "Боловсрол гэдэг мэргэжил эзэмшснийг батлах дипломын ганц хуудас биш, харин эцэг эх гэр бүлийн хүмүүжлийн суурь дээр зорьсон, сурсан зүйлээ чинээнд нь тултал ухамсарлан судалсны дүнд бий болдог хувь хүний оюуны хүч" гэж ирээдүйн сэхээтэн залууст аминчлан захисан юм.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын даргын Англи-Монгол хэлний албан ёсны орчуулагчаар ажиллаж байсан туршлагатай билээ.