
Отгонтэнгэр Их сургууль нь үйл ажиллагааныхаа чанарыг тасралтгүй сайжруулах, олон улсын жишигт нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд ISO 9001:2015 (Чанарын удирдлагын тогтолцоо) болон ISO 21001:2018 (Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо) стандартуудын дагуу ээлжит дотоод аудитыг амжилттай зохион байгууллаа.
Аудитын баг сургуулийн бүх алба, нэгж, бүтцийн сургуулиуд, тэнхимүүдийн үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл, сургалтын орчин болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг стандарт бүрийн шаардлагад нийцэж буй эсэхийг урьдчилан боловсруулсан дотоод аудитын хяналтын хуудасны дагуу нарийвчлан шалгав.
2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аудитын багийн хаалтын хурал болж, сургуулийн удирдлагууд болон нэгжийн дарга нарт аудитын дүнг танилцууллаа.
Хурлын үеэр:
• Стандартуудын хэрэгжилт бодит нөхцөлд хэрхэн хэрэгжиж байгаа;
• Үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, сайн туршлага;
• Цаашид анхаарах шаардлагатай асуудлууд
• Аудитын үйл явцад илэрсэн үл тохирлууд болон үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжүүдийг нэг бүрчлэн хэлэлцэв.
Дотоод аудитын багийн ахлагч А.Буянжаргал ОТИС-ийн менежментийн тогтолцоо нь олон стандартын шаардлагыг хангаж байгааг онцлоод, үйл ажиллагаанууд батлагдсан журам, заавар, удирдамж, ажлын байрны тодорхойлолтын дагуу явагдаж байгаа бөгөөд сургалтын үйл явцын чанарын баталгаажуулалт тогтвортой байна гэж дүгнэлээ. Аудитын нэгдсэн тайлангийн зөвлөмжөөр илэрсэн үл тохирлуудыг арилгах Засварлах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг 2026.05.01-ний дотор биелүүлж, аудитын багт тайлагнахыг бүх нэгжүүдэд даалгалаа.
Энэхүү аудит нь тус сургууль дэлхийн боловсролын чиг хандлагад нийцсэн чанартай боловсролыг олгож, удирдлагын тогтолцоогоо илүү боловсронгуй болгож буйн нэгэн баталгаа болж байна.