
ERASMUS+ RETEACH төслийн Үндэсний чадавх бэхжүүлэх сургалтын хоёр дахь өдөр “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварчлал: Онолоос практикт” сэдвийн хүрээнд үргэлжиллээ.
Өдрийн эхэнд оролцогчид өмнөх өдрийн үр дүн, их, дээд сургуулиудын танилцуулгаас тодорхойлогдсон гол хэрэгцээ, сорилтуудыг нэгтгэн дүгнэж, сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилан шинэчлэх асуудлуудыг хэлэлцэв.
Трансильванийн их сургуулийн (UNITBV) профессор Даниэла Попа, профессор Кодрута Жалиу нар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах үндсэн зарчим, сургалтын хөтөлбөрийн зорилго, суралцахуйн үр дүн, хичээлийн агуулга, сургалтын арга зүйн уялдаа холбоог хангах арга туршлагаа хуваалцлаа.
CESIE байгууллагын төлөөлөгчид тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг сургалтын хөтөлбөрт тусгах арга зам, ногоон болон дижитал чадамжийг хөтөлбөрийн түвшинд хөгжүүлэх туршлага, Европын Холбооны сайн жишээг танилцуулав.
Палермогийн их сургуулийн (UNIPA) төлөөлөгчид чадамжийг сургалтын хөтөлбөрт нэгтгэн хэрэгжүүлж буй туршлагаа танилцуулж, оролцогчдыг өөрсдийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэж ажиллалаа.
Үдээс хойших бүлгийн ажлын үеэр оролцогч их, дээд сургуулиудын багууд өөрсдийн сургалтын хөтөлбөрөө боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, суралцахуйн үр дүнг ногоон болон дижитал чадамжтай уялдуулах практик дасгал, хэлэлцүүлэг өрнүүллээ. Бүлгүүд ажлын үр дүнгээ танилцуулж, Европын түнш байгууллагуудын зөвлөмж, санал хүсэлтийг хүлээн авч, сургалтын хөтөлбөрөө цаашид сайжруулах чиглэл, боломжуудыг тодорхойлов.