
Erasmus+RETEACH төслийн хөндлөнгийн шинжээч Отгонтэнгэр их сургуулийн шинэчилж буй хөтөлбөрүүдэд зөвлөмж өгч ажиллалаа.
Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь” (RETEACH) төслийн хөндлөнгийн шинжээч, боловсролын зөвлөх Арьяак Навоян Отгонтэнгэр их сургуульд ажиллаж, төслийн хүрээнд шинэчлэн боловсруулж буй сургалтын хөтөлбөрүүдтэй танилцан зөвлөмж өглөө.
Уулзалтын үеэр “Боловсролын удирдлага” магистрын хөтөлбөр болон “Англи хэлний багшлах эрх олгох” богино хугацааны хөтөлбөрийн бүтэц, суралцахуйн үр дүн, дижитал болон ногоон чадамжийг сургалтын агуулгад хэрхэн тусгасан талаар танилцууллаа.
Төслийн хөндлөнгийн шинжээчийн зүгээс чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулах, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийн боловсрол зэрэг чиглэлээр зөвлөмж өгч, хөтөлбөрийн чанар, олон улсын чиг хандлагатай нийцлийг сайжруулах асуудлаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь шинэчилж буй хөтөлбөрүүдийн чанар, хэрэгжилт, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.